Ноос, ноолуурын үйлдвэрлэлд нарийн мэргэжилтэн шаардагдаж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-16 12:36:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ноос, ноолуурын холбоо ХХААХҮЯ-ны захиалгаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагааг үнэлэх аттестатчиллыг 100 шахам үйлдвэрт хийгээд байна. 

Энэ нь Монгол Улсын экспортын гол салбарын нэг ноос, ноолуурын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, үйл ажиллагааг үнэлж, цаашдын ирээдүйг төлөвлөх мэргэжлийн судалгаа бүхий аттестатчилал болсныг оролцсон мэргэжилтнүүд хэлж байна.

Үйлдвэрүүдийн өнөөгийн байдлын талаар мэргэжилтнүүд ингэж хэлж байна.

Монголын Ноос ноолуурын холбооны дэд тэргүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор Г.Ёндонсамбуу, "Бидний очиж ажилласан үйлдвэр бүр ХАА-н бирж жинхэнэ утгаар ажиллахгүй байна гэсэн гомдол хэлж байна. "Биржийнхэн хөдөө явахаа болиод угаасан ноос, самнасан ноолуураас татвар аваад суудаг ажилтай боллоо" хэмээн шүүмжилж байсан. Манай төр, засаг хууль гаргалаа гэхэд дараа нь хэрхэн хэрэгжүүлж байгааг анхаардаг механизм байхгүй. 


Өнөөдөр үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд саад болж байгаа зүйл бол түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн замбараагүй систем болчихоод байна. Үйлдвэрлэл нь нэмэгдээгүй мөртлөө жилд хэдэн тэрбумаар олгож байгаа ноосны падааныг зогсоох хэрэгтэй"


ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн инженерчиллийн салбарын эрхлэгч Д.Батбаяр, "Анхан шатны үйлдвэрүүд хүчин чадлын хувьд хангалттай байна. Угаах, ялгах, самнах үйлдвэрүүд сайн ажиллаж байгаа. Гэхдээ монгол эзэнтэй томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайн хангаж чадаж байхад зарим гадны хөрөнгө оруулалттай үйлдвэр ажилчдынхаа ахуй хангамж дээр анхаарах шаардлагатай байна. Манайх техник технологи үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас техник технологи авахдаа монгол ноос, ноолуурынхаа онцлогт тохируулж захиалах шаардлагатай нь харагдлаа. Нөгөө талаар гаалийн хөнгөлөлтүүд боловсруулах үйлдвэрийн салбарт, тухайлбал, ээрэх үйлдвэрт хэрэгтэй байна".


ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, профессор Д.Энхтуяа, "Дотуур сүлжмэл бүтээгдэхүүн олон улсад эрэлттэй байна. Ээрэх нэхмэлийн хувьд нэгэн жигд 24-28 номерын утас хийгээд байгаа. Цаашид бид утасныхаа номерыг өндөрсгөх хэрэгтэй. Аттестатчиллын үеэр бид 100 гаруй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлэхэд 4.1 гэж гарч байгаа нь сайн байна. Олон улсад голлон хэрэглэдэг сүлжмэлийн үйлдвэрийн Германы “Штол”, Японы “Шима Сейки” фирмийн машин манайд 800 гаруй байгаа. Тоног төхөөрөмжийг хүн удирдаж байгаа болохоор хүний мэдлэг чадвар, түүхий эдтэй уялдсан асуудал гарч байна. Өнөөдөр ноос ноолуурын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт сайн хийгдэж, ээрэх үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байгаа ч ашиглалт муу, хамгийн дээд хэмжээнд гэхэд сүлжмэлийн үйлдвэрүүд хүчин чадлаа 0.8 хувиар л ашиглаж байна. Салбарын хэмжээнд 0.4-0.6 хувьтай байна. Маш үнэтэй тоног төхөөрөмжүүдийг муу ашиглаж байгаа нь түүхий эдийн хомсдол байгааг харуулж байгаа хэрэг. 


ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн технологийн менежментийн салбарын профессор доктор Я.Оюунтунгалаг, "Салбарын үйлдвэрүүдэд кительчин, програмист, өртгийн инженерчиллийн эдийн засагч гэсэн мэргэжилтэй ажиллах хүчин дутагдаж байгаа нь ажиглагдлаа. Кительчин гэхэд өнөөг хүртэл бэлтгэгдээгүй байгаа нь нэг талаар салбар хоорондын уялдаа холбооноос болж байна. Маркетингийн хувьд манайхан хэрэглэгч, тэр дундаа зорилтот хэрэглэгч нь хаана, хэн байна гэж харах ёстой. Дэлхий нийтийн загварын чиг хандлагыг  давхар тусгаад явах шаардлага харагдаж байна. 


“Хэрроу” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Баяр, "Би аттестатчиллын хими технологийн багт орж ажилласан. Өнөөдөр манай салбарт тогтвортой үйлдвэрлэл явуулахад хөнгөн үйлдвэрийн чиглэлийн химич, технологич, инженер чухал мэргэжил. Энэ мэргэжлийн хүмүүс таван хуруунд багтахаар л байдаг. Түүнчлэн үйлдвэрүүдийн угаах, будах технологи дээр анхаарах зүйлс ажиглагдсан. Гүйцэтгэн боловсруулалт ч тулгамдаж байна. Үүнийг хими технологич нар хамгийн эхнээс нь зөв удирдаж байх ёстой. Гэтэл энэ талын хүмүүс манайд дутагдалтай байна.  Манай салбарт жилд 344 тонн будаг, химийн бодис ашиглаж байгаагийн 42 хувь нь Европт үйлдвэрлэсэн, үлдсэн хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэж байна. 

Б.Болд

Холбоотой мэдээ