765 тонн өвсийг малчдад үнэгүй хуваариллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-01-16 13:05:02

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын байдлаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өвс тэжээлийн хомсдол, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төл мал бээрэх, өлдөх, дарагдах эрсдэлүүд гарч эхэлж байгаа аж.

Аймгийн хэмжээнд 15 мянга гаруй малчин өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байгаагаас сум хооронд болон Архангай, Баянхонгор, Төв, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгийн нутагт 1500 гаруй малчин өрх отор нүүдэл хийж яваа юм. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан отрын штаб малчдаа эргэж тойрч, санал сэтгэгдлийг нь хүлээн авч шийдвэрлэх, түлээ нүүрс, эм тарианы дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж байна.

Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт тааруу байгаа аймгуудад өвс тэжээл, санхүүгийн тусламж үзүүлсний дагуу манай аймаг 50 сая төгрөгийг авсан бөгөөд цас ихтэй дөрвөн суманд санхүүжилт олгож, малчдад нийгмийн үйлчилгээ үзүүлэх үүрэг, даалгаврыг өгчээ. Мөн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр 600 гаруй тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй, 765 тонн өвсийг үнэгүй хуваарилсныг сумдад өгөөд байна.  

Аймгийн өвс, тэжээлийн нөөцийг 60 тонноор нэмэгдүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахыг Засаг даргаас Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газрын удирдлагуудад даалгалаа.


Холбоотой мэдээ