"Саарал жагсаалт"-аас гарах эрх зүйн зохицуулалт бүхий төслийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ ноднингийн 10 дугаар сарын 18-ны хурлаараа Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан. Уг жагсаалтаас гарахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлагатайг зөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй хоёр саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүний хувиар гаргасныг санал хурааж шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар тогтов.