Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-20 08:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл хотод цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. 

Бүртгэл хүн амын оршин суугаа анхан шатны нэгж орон сууц, гудамжны 173 хороонд явагдах юм. Тодруулбал, ажлын өдрүүдэд 09.00-19.00, амралтын өдрүүдэд буюу бямба гарагт өглөө 10.00 цагаас 17.00 цаг, ням гарагт 12.00 цагаас 16.00 цагт зохион байгуулахаар болоод байна. 

Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл, дунд офицер, ахлагч нар биечлэн очиж хамрагдах юм. Бүртгэлд хамрагдах иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэй очих юм. 

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Цэргийн үүрэгтний бүртгэл ирэх 2 дугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн цэргийн бүртгэлийг Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулж буйгаараа онцлог юм.


Холбоотой мэдээ