Хүн ам 19.1 хувиар өсжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-01-20 14:56:56

Хүн ам 2019 онд 19.1 хувиар буюу 63 мянган хүнээр өссөн гэж Статистикийн үндэсний хороо (СҮХ) мэдээллээ. Түүнийг нарийвчлан авч үзвэл, 2018 онд 77 мянга 58 эх амаржиж 78 мянга 993 хүүхэд мэндэлсэн аж. Тэгвэл 2019 онд 77 мянга 601 эх амаржиж, 80 мянга 251 хүүхэд төржээ. Төрсөн хүүхдийн 2 мянга 28 нь гадаад  улс оронд мэндэлсэн байна. Хүн амын ердийн цэвэр өсөлтийг төрөлт хийгээд нас баралтын зөрүүгээр тодорхойлон гаргадаг. Улсын хэмжээнд  3 сая 300 мянган хүнтэй гэсэн  урьдчилсан дүн мэдээ 2019 онд гарчээ. 

Монгол улсын 3 сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-нд (Өмнөговь аймагт Монголжин охин) мэндэлжээ. Түүний нас чацуутнуудыг аймаг орон нутаг бүр өөр өөр дээрээ бүртгэн авсан байдаг. Зарим аймаг, орон нутаг гурван сая дахь иргэний чацуутнуудад хоёр өрөө байр хүртэл өгч байв. Энэ хүүхдүүдийг аав, ээж төрөл, төрөгсөд нь гэр оронтойгоо ирлээ хэмээн бэлгэшээж байсан билээ.  Тэгвэл манай улсын хоёр сая дахь иргэн 1988 оны 7 дугаар сарын 11-нд мэндэлсэн байна. Гэхдээ нэг хүүхдийг онцлоогүй. Харин 25 хүүхдийг хоёр сая дахь иргэн хэмээн батламжилж байсан аж. Тэр батламжтай иргэд эдүгээ 32 нас хүрчээ. Монгол Улсад 1989 оны хүн амын тооллогоор 2 сая 44 мянган иргэн тоологдож байсан юм билээ.  Улмаар нэг сая дахь иргэн төрсөн талаар тодорхой зүйл алга. Харин 1963 онд нэг сая 17 мянга 100 хүнтэй болсон гэдэг тоон мэдээлэл байгаа юм.

Ийм болохоор Монгол Улсын хүн ам 1-3 сая болж өссөн цаг хугацааг 1963-2015 он гэж үзэж болно. Энэ үеийн хүн амын өсөлтийг авч үзвэл, 1969 онд сая 197 мянга 600 хүнтэй болж жилийн дундаж өсөлт 2.8 хувь болсон байна. Түүний дараагийн 10 жил буюу 1979 онд сая 595 мянган хүн тоологдсон бөгөөд хүн амын өсөлтийн хамгийн өндөр хувийг  энэ үе эзэлдэг  байна.

Хүн амын өсөлтийн оргил үеэс өмнөх тоо баримтыг шүүрдэн үзвэл янз бүр байна. Манай улсын 20 дугаар зууны хүн амын тулгуур тоо 1918 онд болсон байдаг. Тэр үед 645 мянга 500 хүн тоологдсон. Энэхүү тооллогод манай улсад амьдарч асан орос (5000), хятад (100 мянга) иргэдийг тоолжээ. Гэхдээ хүн амын 80 хувийг тоолсон (Ховдын хязгаар, Хөвсгөл нуурын урианхай, Богдын Их шавийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн тоо ороогүй) гэж үздэг. Тус зууны эхний хүн амын тоог 1935 онд болсон хүн амын тоотой харьцуулан үзсэн судалгаа  байх юм. Энэ 17 жилийн хугацаанд хүн ам 90 мянга 700-аар өсөж, 738 мянга 200 болжээ. Энэ хугацааны  хүн амын жилийн дундаж өсөлт 0.77 хувь байсан гэж судлаачид тогтоосон аж. Гэтэл 1944 онд 759 мянга 100 хүнтэй болсон байх юм. 1935 оноос хойших 9 жилийн хугацаанд хүн ам 21 мянга 300-гаар нэмэгдсэн бөгөөд жилийн дундаж өсөлт 0.32 хувь болсон байна. Гэтэл  1930-1934 онд 37 мянга 700 хүн дүрвэн нүүсэн, 1932 оны бослогын үеэр 6 мянган хүн амь үрэгдсэн байна. Эндээс тодорхой цаг үед тохиосон үймээн самуун хүн амын өсөлтөд хэрхэн нөлөөлснийг эдгээр тоо баримтаас харж болно. Энэ бол монголчуудын түүхэнд хараар бичигдсэн зурвас үе  билээ.

Монгол улсын хүн амын 8 дахь тооллого 2000 он болоход 2 сая 373 мянга 500 хүн тоологджээ. Энэ нь 1989 оных ( 2 сая 44 мянга)-оос 329 мянга 500 хүнээр өссөн дүн мэдээ. Харин 1990 онд нийгэм эдийн засгийн нэг байгууламжаас нөгөөд шилжихэд хүн амын өсөлт 1.4 хувь хүртэл буурсан аж. 20 дугаар зууны төгсгөлд буурсан хүн амын өсөлт, шинэ зууны эхний 20 орчим жилд  дээшилсээр 2019 онд 19.1 хувьд хүрчээ.

Гэхдээ хүн амын өсөлтийн оргил үе 1963-1989 оны түвшинд очих болоогүй байна. Энэ 2020 он  хүн ам орон сууцны тооллого (10 жил тутамд тоолох) болж байгаа өөрийн онцлогтой. Тус тооллого нэгдүгээр сарын 9-17-нд болж өнгөрлөө. Албан ёсны дүн мэдээ гараагүй байна. Мэдээллийг боловсруулахад 5-6 сар шаардлагатай гэнэ. Ийм тооллого 10 жилийн өмнө буюу 2010 онд болсон юм. Тэрхүү тооллогын зарим нэг сонин содон мэдээлийг энд дурдах хэрэгтэй гэж үзлээ.

Тус тооллого “Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны 11 дүгээр сарын 11-17-нд болжээ. Монгол Улсын нийт хүн ам 2 сая 754 мянга 85 байсан байна. Түүнээс тус улсын нутаг дэвсгэрт байгаа хүн ам нь  2 сая 647 мянга 545 байжээ.  Мөн 382 мянга 808 өрх байшинд, 322 мянга 836 өрх гэрт, 23 мянга 420 хүн зориулалтын бус сууцанд амьдарч байжээ.

Холбоотой мэдээ