Сурагчид ном, номын сангийн тухай илтгэлээр уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 17:11:40

Булган аймгийн Төв  номын сангаас зарласан  “Миний мөрөөдлийн номын сан” сэдэв илтгэлийн уралдаанд 23 суралцагч материалаа ирүүлснээс 16 нь илтгэлээ тавилаа.

Уралдаанд оролцогчдод Нийгмийн хөгжилд номын сан, Номын сан бидний амьдралд, Миний дуртай номын сан  зэрэг сэдвүүдийг хөндөж тусгах шаардлага тавьсан байсан юм.

Суралцагчдын илтгэлээс олон сайхан санаа гарч байгааг тэмцээнийг шүүх явцад аймгийн номын сангийн дарга Ч.Баярмаа тухай бүрт нь тэмдэглэн авч байлаа. Мөн ихэнх суралцагчид цахим ертөнц, фэйсбүүк, твиттер, бусад сайтууд  дэлгэрснээр хүүхдүүд ном уншихаа больсон тухай маш ихээр шүүмжилж байлаа.

Зарим суралцагчид “амьдралд хөлөө олохгүй байгаа хүмүүст ном луужин нь болно” гэх мэт утгатай гайхалтай мэргэн үгсийг ч хэлж байлаа.

Илтгэлийн уралдаанд Булган сумын 15 суралцагч, Хишиг–Өндөр сумын 1 суралцагч оролцсоноос 1–р байрт Хишиг–Өндөр сумын суралцагч Ц.Мандуухай, 2–р байрт 1–р 12 жилийн дунд сургуулийн суралцагч Б.Ишдорж, 3–р байрт ЭӨЦ сургуулийн суралцагч Э.Бадамзул нар шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий номын эзэд боллоо.

                                                                                                                            П.Батням

Холбоотой мэдээ