Цахилгаан халаагуур хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-01-21 20:42:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Утаагүй Дархан хот” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор галлагаатай өрх бүхий багийн айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр цахилгаан халаагуур олгох ажлыг өнөөдөр гурван байршилд зохион байгууллаа.

Тодруулбал Дархан сумын 15 дугаар багийн 1800 өрх, Дархан сумын 5, 6, 7, 8, Малчин багийн нийт 450 айл өрх, Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нийт 750 айл өрхөд цахилгаан халаагуурыг олгов.

Энэ үеэр Онцгой байдлын газар,  Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК зэрэг мэргэжлийн байгууллагууд цахилгаан халаагуурыг хэрхэн зөв ашиглах заавар, зөвлөмжийг иргэдэд өглөө.

Цахилгаан халаагуур ашигласан үед гарах зардлыг тооцож танилцуулав. 2 тарифт тоолуураар айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцох бөгөөд 21:00- 06:00 цагийн хооронд дахь цахилгаан эрчим хүчний үнэ 50 хувиар хөнгөлөгдөх ажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Агаарын бохирдол ихтэй аймгуудад дэмжлэг үзүүлэх ажилд зарцуулах зорилгоор ийнхүү гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар хангаж байгаа
аж. Дархан–Уул аймагт 335,0 сая.төгрөг хуваарилагдсаны дагуу нийт 3000 гаруй цахилгаан халаагуур /зуух/ нийлүүлэх ажлыг “Цагаан зуун” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Цахилгаан халаагуурыг аймгийн комисс хүлээн авч техник хэрэгслэлийн халаалтын хүчин чадал шалгах зорилгоор гэртэй айл өрх, 30м2, 96м2-тай байшинтай айлуудад туршилт хийн шалгажээ. Мөн Агаарын бохирдол, хүн амын өвчлөлийг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамрагдах Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15, Малчин багуудын гэр хорооллын айл өрхийг хамруулахаар шийдвэрлэж, судалгааг нарийвчлан гаргасан байна. Тус ажил нь зөвхөн Дархан суманд хэрэгжих ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ