Б.Явуухулангийн нэрэмжит номын сан санхүүгийн боловсрол олгох булантай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-21 20:55:17

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Төв номын сангийн электрон катологиор он гарсаар 170 орчим иргэн үйлчлүүлжээ.

Тус номын сан лавлагаа ном зүйн ажлыг орчин үеийн техниктэй хослуулж хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ шуурхай хүргэх ажлыг жил бүр хийж уншигчдыг татаж байгаа аж. Тодруулбал уншигчдад аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах, хэрэгцээт мэдээллийг шууд хэвлэн өгөх, уншигчдад сонирхсон мэдээллийг файл хэлбэрээр өгөх, мөн интернэт ашиглах зэрэг үйлчилгээний шинэлэг хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар хэрэгцээт мэдээллээ файл хэлбэрээр нь 73 хүн авсан байна. Мөн уншигчдын нэн хэрэгцээт сэдвээр картын сан, ном зүйн бүртгэл, гарын авлага гарган уншигчдад ашиглуулж байна. 2019 онд номын сан нь номын фондоо монгол, англи, орос, төвөд хэлээр гарсан 3000 гаруй боть номоор баяжуулжээ. Өнөөдрийн байдлаар номын сангийн танхимаар байнгын үйлчлүүлдэг карт бүхий 160 гаруй иргэн байдаг байна.

Уншигчид санхүүгийн боловсрол олгох булангаар үйлчлүүлэх нь ихэссэн

Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын сангийн санхүүгийн боловсрол олгох булангаар 40 гаруй хүүхэд үйлчлүүлжээ.

Өнгөрсөн жил тус номын санд Завхан аймаг дахь Монголбанкны салбартай хамтран иргэдэд санхүүгийн боловсрол олгох банкны нэрэмжит буланг нээсэн ажээ. Энэхүү булан нь уншигчдын танхимд нээлттэй ажилладаг бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрдэмтэн судлаачдын хэрэгцээг хангах, төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар сурталчлах, хүүхдүүдэд санхүүгийн боловсролоор дамжуулан хуримтлал бий болгох зорилготой юм байна.

Номын булан анх нээгдэхдээ 20 гаруй номтой байсан бол өдгөө 40 гаруй номоор баяжуулжээ. Санхүүгийн буланг аймгийн Монголбанкнаас эрхлэн гаргасан бүтээлүүдээс гадна санхүүтэй холбоотой судалгаа шинжилгээ, зөвлөгөө өгсөн мэдээлэл бүхий номуудаар баяжуулжээ. Мөн аймгийн Монгол банктай хамтран жилд хоёр удаа сургуулийн сурагчид болон иргэдэд зориулсан уулзалтуудыг хийдэг байна.

Санхүүгийн булангаар дамжуулан насанд хүрэгчид Монголбанкны жилийн тайлан, судалгааны ажил, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого, Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан, Монголбанкны мэдээлэл, санхүүгийн боловсрол гарын авлагыг сонирхон уншиж судлахаас гадна сэтгүүлчдэд зориулсан гарын авлага гээд хэрэгцээтэй мэдээлэл бүхий ном, товхимлыг авч уншиж болно. Санхүүгийн боловсрол олгох булангаар үйлчлүүлэх уншигчдын тоо өнгөрсөн жилээс эрс нэмэгдсэн тухай аймгийн Төв номын сангаас дуулгав.

Хүн бүр л мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэрийг өдөр тутам гаргаж, эдгээр шийдвэрүүдийн үр дүнд эдийн засаг маань бүрэлдэн тогтож байна. Тэгэхээр иргэдийн санхүүгийн мэдлэг сайжирснаар илүү оновчтой шийдвэр гаргах боломж нь нэмэгдэж, улмаар эдийн засаг маань тогтвортой байхад нөлөөлнө гэсэн үг. Түүнчлэн, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогыг илүү сайн ойлгох нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнтэй байдалд эерэгээр нөлөөлнө. Тиймээс манай Монголбанкнаас гаргасан энгийн ойлгомжтой хэлбэрээр бүтээсэн Санхүүгийн боловсрол гарын авлагыг насанд хүрэгчид болон хүүхдүүд уншиж судлах боломжтой юм хэмээн Завхан дахь Монголбанкнаас нэмж мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ