“Улаанбаатар эдийн засгийн форум-2020” ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-25 12:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотой хэрхэн  шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” уулзалтыг хоёрдугаар сарын 7-нд Корпорейт зочид буудлын Конвеншн төвд зохион байгуулна.


Тус форумыг 2015 оноос хойш зохион байгуулж байгаа талаар баасан гарагт /01.24/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийсэн юм.


Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” уулзалт нийслэлийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон төсөл, SMART CITY, “Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд болно. Форумын үеэр нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төслөөс гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах юм байна. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаар санал солилцох боломж олгоно.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа: “Форумыг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Саяхан НИТХ-аар төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөрийг баталсан тул уг форумаар энэ бодлогын баримт бичгийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар онцлон хөндөхөөр төлөвлөсөн. Манай холбогдох агентлаг, газрууд хоёрдугаар сарын 7-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэнэ” хэмээжээ.

Холбоотой мэдээ