АН-ын зөвлөл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-27 13:03:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, хүлээн авах нь зөв хэмээн үзсэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлснийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, дэмжсэн юм. Уг асуудлыг энэ долоо хоногт холбогдох байнгын хороод болон чуулганаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх аж.


Түүнчлэн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар нийслэлийн тойрог, мандатыг хасахгүй байхад анхаарах талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан тоот хүргүүлсэн байна. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Засгийн газар анхаарч, олон нийтийн сүлжээгээр тархаж буй хардлага, хуурамч мэдээллүүдэд шуурхай хариу өгөх шаардлагатай байгааг тус зөвлөлын дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлээд, “Орон нутгийн оюутнуудыг зохион байгуулалттайгаар, шуурхай нутаг буцаах, амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээг хангах, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсооход анхаарах хэрэгтэй” хэмээв.

Холбоотой мэдээ