Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-28 07:51:00

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Биньямин Ненаньяху нар даваа гарагт уулзах үеэрээ “зууны гэрээ” гэж нэрлэж буй Израил-Палестины мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг хэлэлцжээ.


“Өнөөдөр /даваа гараг/ Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзлаа. Хоёр орны удирдагчид Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг, мөн хоёр талын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалт үр дүнтэй болсон” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн даргын орлогч Жадда Дирийн мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


Трамп мөн Нетаньяхугийн улс төрийн өрсөлдөгч, "Кахоль-Лаван" эвслийн удирдагч Бени Ганцтай уулзжээ. Тэд мөн адил “үр дүнтэй уулзалт хийж, Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ АНУ, Израилтай холбоотой чухал асуудлуудыг хөндсөн” гэж Дирийн мэдэгдэлд дурджээ.


Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг Цагаан ордон мягмар гарагт орон нутгийн цагаар үд дунд танилцуулна гэж Америкийн удирдагч урьд нь мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Трамп Америкийн санаачилгыг Нетаньяху дэмжсэн гэдгийг тэмдэглэн хэлжээ. Харин Палестины тал төлөвлөгөөг нь цаашид дэмжинэ гэж тэрбээр үзэж байгаа аж. Үүнээс гадна, төлөвлөгөөг “Арабын олон улс” дэмжиж байгаа гэж батлан хэлсэн байна.


Палестин-Израилын мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний эдийн засгийн асуудлуудыг тусгасан баримт бичгийг Цагаан ордон 2019 оны зургадугаар сарын эцсээр нийтэлсэн юм. Тухайлбал, түүнд Палестин болон тус улсын хөрш орнуудад 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тусгажээ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 25-26-нд Бахрейны нийслэл хотод дээрх гэрээний эдийн засгийн асуудлуудад зориулсан олон улсын улсын уулзалт болсон байна. Энэхүү уулзалтыг Палестины засаг захиргаа болон Арабын хэд хэдэн улс эсэргүүцэж, ийм хандлагыг зохисгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. АНУ "зууны гэрээ"-ний улс төрийн хэсгийг хараахан зарлаагүй байгаа юм.


Холбоотой мэдээ