70 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдвэр эх нутагтаа ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-22 14:59:38

Монгол Улсаас гарал үүсэлтэй 70 сая жилийн настай үлэмж биет, ургамал идэшт, нугас хошуут үлэг гүрвэл Завролофын нялх зулзагын үлдвэр Бельги улсаас өнөөдөр уугуул нутагтаа ирлээ.

Олдворыг БСШУЯ, Соёлын өвийн төв, Палеонтологи, Геологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн төв музей, Палеонтологи Археологийн музейн шинэчлэл төслийн нэгжийн төлөөлөл хүлээн авав.

Монгол Улсын БСШУЯ, Бельгийн Вант улсын Шинжлэх ухааны бодлогын газар болон Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн хооронд Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг Монгол Улсад буцаахад талууд хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд уг олдворыг Монгол Улсад буцаан ирүүлжээ.

Тус олдвор нь Монгол орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бельгийн Вант улсын Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий PLOS ONE сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулсан байна.

Одоогоор олж тогтоосон Завролофусангустирострисын бага залуугаас нас бие гүйцсэн хүртэлх бодгалийн хөгжлийн олон үе шатыг хамарсан олдвор олдож байсан боловч яг энэ төрөл зүйлийн үр хөврөлийн болон нялх зулзагын үлдвэр олдсон мэдээ баримт хараахан гараагүй аж.

Шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий энэхүү палеонтологийн өвийг эх нутагтаа эргүүлэн авчирч олон улсад шинжлэх ухааны судалгааны жишиг баримт нотолгоо болгох юм байна.

Уг олдвор нь Үлэг Гүрвэлийн төв музейд удахгүй олон нийтийн хүртээл болно хэмээн албаныхан хэллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ