УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-29 07:19:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Харин Төсвийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциацийн “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Мөн Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/”-д хийсэн нийцлийн аудитын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай, гишүүдийг томилох тухай байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх аж.


Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах юм. Тус байнгын хороо Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциацийн “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай, ГХЯ болон БХЯ-ны 2019 оны ажлын тайланг сонсох юм.

Холбоотой мэдээ