Төсөлд хамрагдан оёдлын чиглэлээр бичил бизнес эрхэлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-29 12:01:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Лувсангийн Цогтынх ам бүл тавуулаа. Эхнэр Өнөржаргал, том хүү Өнөболд, охин Хонгорзул, бага хүү Өнөмөнх нарын хамт амьдардаг агаад тэднийх "Дэлхийн зөн"-гийн “Төгсөлтийн аргачлал” төсөлд хамрагдсанаар эхнэр Өнөржаргал нь сонирхлынхоо дагуу хоёр дахь жилдээ оёдлын чиглэлээр бичил бизнес эрхэлж байна. 


Өнөржаргал ярихдаа, -Манайх “Төгсөлтийн аргачлал”-д хамрагдаагүй байхдаа хоёулаа эрхэлсэн ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй,  нөхөр маань архи уудаг учраас амьдрал хар бараан гэлтэй л байлаа. Одоо бол  амьдралаа дээшлүүлж гэрэл гэгээтэй сайхан амьдарч байна. Бид энэ аргачлалынхаа долоон хүнтэй хамтраад “Гэрэлт ирээдүй” нэртэй оёдлын цех байгуулсан. Урьд нь бид өөрсдийнхөө өмсөх дээлийг л оёдог байсан бол өнгөрөгч зунаас эхлэн европ хувцас оёх сургалтад хамрагдаад, европ хувцас эсгэж, оёж чаддаг боллоо. Ингээд ЕБ-ын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцас оёх төлөвлөгөөг бүлгээрээ боловсруулаад түүнийхээ дагуу цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцас оёж эхэлсэн. Ангиуд хамт олноороо ижил загвараар хувцас оёулж, багш, эцэг эхчүүдийн зүгээс биднийг дэмжиж байгаад баяртай байдаг. Мөн үндэснийхээ дээл, урлагийн хувцас, хувцасны уут зэргийг оёж, мөн засвар үйлчилгээ хийх зэргээр үйлчилгээгээ улам өргөжүүлж, бидний өрхийн орлого мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа.

Нөхөр маань ч хүний ажилд тусалж амьжиргаандаа нэмэрлэх болсон. Үр хүүхдийнхээ ирээдүйг сайхан байлгахын тулд бид хоёр хичээж байгаа” хэмээн өгүүлэв.

 

 

 

Холбоотой мэдээ