“Утга зохиол судлал шинжлэл” цувралаас онцлох 6 ном

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-01-29 12:48:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монголын урлаг, утга зохиолын салбарт “шүүмж судлал” ихээхэн дутагдаж буй талаар зохиолч уншигчид өөрсдийн үзэл бодлыг ихээхэн илэрхийлэх болсон билээ. Харин тэд өөрсдөө дорвитой шүүмж, томоохон цар хүрээний задлан шинжлэл бүхий өгүүлэл, номыг онож уншиж чадсан уу гэх асуудал бас давхар яригдана. Мэдээж аль аль нь үгүйсгэх аргагүй байдалд уягдчихаад буй. Харин 2016 оноос эхлэн “Утга зохиол судлал шинжлэл” цувралын редакцийн зөвлөл  Орос гаралт Америкийн зохиолч Владимир Владимирович Набоковын алдартай зохиолчдын бүтээлд хийсэн задлан шинжлэлийн лекцүүдийг цуврал боть болгон гаргах ажлыг эхлүүлсэн нь билээ. Өдгөө тус цуврал Набоковын алдартай 8 лекцээс гадна, гадаадын болон дотоодын томоохон судлаач эрдэмтдийн бүтээлүүдийг нэгтгэн 37 боть хэвлүүлээд байна.


Ийнхүү тэдгээрээс сонгон унших боломжтой онцлох 6 номын тухай уншигчдадаа тоймлон хүргэхээр бэлтгэлээ.


ГАДААДЫН УТГА ЗОХИОЛЫН ЛЕКЦҮҮД


Нобелийн шагналт Орос-Америкийн нэрт зохиолч В.Набаковын багшилж ахуйдаа уншсан Жойс, Кафка, Пруст, Остен, Стивенсон, Флобер, Диккенс, Сервантес нарын бүтээлд хийсэн задлан шинжилгээний найман цуврал ном гарсан нь шүүмж судлалд дорвитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ, зохиолын нарийн шугамуудыг хэрхэн ажиглаж, няхуур унших зөвлөмж ч хамт дагалддаг гэж хэлж болно.


Жишээлбэл Диккенсийн “Хүйтэн байшин” романы тухай
Набоковын задлалыг аваад үзье. Тус номын хуудас бүрийг алгуурхан эргүүлж, шимтэн унших бүрийд “Хүйтэн байшин” романы талаар уншигч өөрийн гэсэн цогц ойлголттой болж чадна. Набоковын задлалын хамгийн үнэт зүйл нь энэ ч байж мэднэ. Тэр тухайн зохиолын үйл явдлыг холбосон шугам бүрийг нарийвчлан ажиглаж, жишээ татахдаа романыг тэр чигээр нь хуулчихсан мэт байдаг.


“Хүйтэн байшин” анх маш хүчтэй “сатир” мэт сэтгэгдлийг Набоковт төрүүлж байжээ. Үнэндээ сатир л даа. Гэхдээ өөр ямар нэгэн нууцлаг үйл явдал, бичлэгийн чадмаг ур маяг нь уг романы сэтгэлгээний онцгой хэв шинжийг бүтээж, “литерантурная классический” хэмээх дээд түвшний уран зохиолд хамаатуулах шалтгааныг үүсгэж буй хэрэг. Тэр утгаараа “Гадаадын утга зохиолын лекцүүд” тус цуврал ботид хамгийн онцгой байрь суурийг эзэлнэ.


МАРГААНД ЯЛАХ УРЛАГ


Мэдээж утга зохиолын задлан шинжлэлд филосифи ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаас зохиолыг задлан шинжлэх, дүр бүрийн мөн чанарыг нээхэд гэж хэлэхэд буруудах зүйлгүй болов уу. “Утга зохиолын судлал шинжлэл” цувралд орсон ботиудаас хамгийн чухал бүтээлийн нэг нь Германы их сэтгэгч, зарим талаар пессимист филосифич гэх тодорхойлолтыг шүүмжлэгчдээс хүрсэн Артур Шопенгауэрийн “Маргаан ялах урлаг” ном юм.


Түүний “Маргаанд ялах урлаг” хэмээх энэхүү бүтээл нь XIX зуунд бичигдсэн ч, XXI зуунд ач холбогдлоо огтхон ч алдаагүй гэж үнэлэгддэг. Номд “Бие дааж сэтгэн бодохуйн тухай” хэмээх бүлэг, нэр өгөөгүй өөр нэг бүлгийг багтаасан төдийгүй, философичийн бусад зохиолуудаас хэсэгчлэн авсан эшлэлүүд багтсан бий. Бидний амьдралын утга учиргүйг томьёолон гаргаж, “Хүмүүний ертөнц бол орчлон хорвоогийн байж болох хамгийн тааруу хувилбар” гэсэн үзэл санааны гол цөмийг ойлгоход энэ ном туслах нь гарцаагүй.


АНГЛИЙН РОМАНТИЗМ




Берковскийн “Германы романтизм” ном анх 2018 онд тус цувралын XXII дахь дэвтрээр хэвлэгдэж байв. Романтизм үүсч ахуй цаг үедээ урлаг, уран зохиолын сонгодог чиглэлийг шүүмжилж байсан бөгөөд францын “амтат бодол”, “бадрангуй сэтгэл” гэх утгат үгсээс гаралтай. Романтизм нь уран сайхны сэтгэлгээний бие даасан чиглэл болж хөгжих үесдээ урлагийг хоосон магтаал эсвэл аж төрөхүйн ердийн хуулбар болох нөхцөл байдлаас тэс өөр байв.


Харин цувралын 31 дүгээр дэвтэр болох “Английн романтизм”-д Байрон, Шелли, Китс нарын зохиол бүтээлийн тухай өгүүлдэг. Тиймээс л оюун санааны хувьд чөлөөтэй бичигч эдгээрийн тухай бүтээл нь мэргэжлийн хүмүүст болоод уншигчдад ч романтизмийн тухай томоохон суурь мэдлэг олгоно. Томоохон судлаачид Английн романтикууд Шекспирийг дахин нээсэн гэж үздэг билээ. Энэ нь дээр нэр дурдсан Байроны бүтээлүүдээс мэдрэгдэнэ. Чухам яагаад гэдэг асуултанд нь харин тус ном хариулах биз ээ.


С.ЭНХБАЯРЫН ОРЧУУЛГА


Утга зохиол судлаач, профессор С.Энхбаяр “Утга зохиолын онол” номыг уншилгүйгээр шүүмж судлал, онолын талаар цогцтой мэдлэгийг өөрт суурилуулах боломжгүй гэгдэх цаг үе бидэнд байв. Мөнхүү 1999 онд хэвлэгдсэн Р.Уоллек, О.Уоррен “Утга зохиолын онол” ном ч бий. Эдгээр ном нь нийтийн уран зохиолын боловсролд цогц мэдлэг олгох бүтээлүүд.


Харин “Гадаадын утга зохиолын судлал шинжлэлийн өгүүллүүд” нь С.Энхбаярын орчуулгаар хэвлэгдсэн бөгөөд урлаг, утга зохиолын олон талт сонирхолтой өгүүллүүд багтсан байна. Жишээлбэл уран зохиолын шүүмжлэгч, доктор Александр Белый “Тарас Бульба бол “Оргилсон эх оронч дайчин сэтгэлийн эмгэнэл” мөн”, Л.С.Дампиловагийн “Б.Галсансүхийн сэтгэл хөдлөлийн өнгө аястай яруу найраг”, Н.Е.Синин “Мариа Ивановна Цветаева” зэрэг өгүүллүүдтэй танилцах боломжтой.


ЧОЙНОМ СУДЛАЛ




Хориотой тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаас хэн нэгний амны уншлага болон тархаж байсан яруу найрагч Р.Чойномын шүлгүүд. Өдгөө яруу найрагт дуртай, дургүй хэн бүхэн түүнийг мэддэг болов. Харин тууж, найраглал, шүлэг гээд арвин их бүтээлүүдийнх нь өвийг судалж, цаг хугацааны эрэмбэ дараалал, туурвигдаж асан цаг үеийн байдалтай холбож илэрхийлсэн судалгааны ажил тун ховор.


Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболдын “Чойном судлал” хэмээх ном бичгийн эх бүтээлийн судалгаа гэдгээрээ онцлогтой. Энэхүү бүтээлд яруу найрагчийн гар бичмэл, харьцуулсан судалгааны ажлаас гадна яруу найргийн туурвил зүйн шинжлэлийн бүлгийг шинээр нэмж оруулсан нь бий.


МОНГОЛЫН СОНГОДОГ УТГА ЗОХИОЛЫН СУДЛАЛ


МУИС-ийн багш, доктор, профессор Б.Хишигсүх Монголын эртний уран зохиол, тэр дундаа Инжаннаши судлалаар голчлон судалгаа хийдэг бөгөөд анхны уран бүтээлээ “Монголын сонгодог утга зохиолын судлал” нэртэйгээр хэвлүүлжээ. Монгол хэлтний уран зохиол дахь хамгийн чухаг бүтээлийн өв “Монголын нууц товчоо”-гоос соён гэгээрүүлэгч, утга зохиолын нэрт зүтгэлтнүүд болох Инжаннаши, Равжаа судлалаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд тус номд багтсан байна.


“Утга зохиол судлал шинжлэл”-ийн 34 дугаар боть болох тус бүтээл нь дотроо 3 хэсэгтэй. Нэгдүгээр бүлэг нь “Их юань улсын мандсан төрийн Хөх судар”-ын судлал зориулсан 10 хэсгээс бүрдэнэ. Уншихад яруу тунгалаг, ухахад гүн гүнзгий “Хөх судар” романы судлал, дүрийн судалгаанд дээрх бүтээл нь чухал ач холбогдолтой. Мөнхүү С.Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” хэмээх бэстселлер бүтээл дэх дүрүүдийн гажуудлын талаарх судалгааны ажил нь ч тус номын онцлох өгүүллүүдийн нэг юм.
 



Холбоотой мэдээ