Эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-22 16:57:45

Франц Улсын “Санте Сюд” ТББ-аас манай улсын эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө танилцууллаа.

Уулзалтад БНФУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, Соёл Хамтын Ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц, Санте Сюд ТББ-ын захирал Николь Хансэн, санхүүжүүлэгч байгууллага болох Санофи Эспуар сангийн дэд захирал Кати Форжэ, Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны ажилтан Софи Робин, ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д. Оюунчимэг болон бусад албаны хүмүүс иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ үеэр 2009 оноос хойш Архангай аймагт хоёр үе шаттай хэрэгжүүлсэн “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй” төслийн үр дүнг танилцуулав. Уг төслийг Санофи Эспуар сан, Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газар хамтран санхүүжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийн үзүүлэлт улс аймгийн дунджаас доогуур болж, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан дүн гарсныг аймгийн ЭМГ-ын дарга Р. Гандиймаа мэдээллээ.

“Санте Сюд” ТББ нь 2003 оноос хойш байгууллага хөгжүүлэх төслийн арга зүйг нэвтрүүлэн, үндэсний болон орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэн чадавхижуулах ажлыг хийж иржээ. Эсэн мэнд амаржихуй төсөл нь 2013 онд баталсан эрүүл мэндийн байгууллагын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад ихээхэн түлхэц болсон байна. Мөн бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг цахим сүлжээгээр ажиллах орчныг бүрдүүлжээ.

2 жилийн хугацаатай тус аймгийн Хашаат, Чулуут сумын ЭМТ-д хэрэгжих “Эрүүл мэнд ба Хоол тэжээл” төсөл, үндэсний хэмжээнд бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход чиглэсэн “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийг тус тус танилцуулсан юм.

Тус төслийг сумын ЭМТ-д хэрэгжүүлснээр хүлэмжийн аж ахуй эрхлэн хүнсний нарийн ногоог өргөн хэрэглэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах, цаашлаад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ЭМСЯ болон ХХААЯ-ны боловсруулсан үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийг С"анте Сюд” ТББ, “ЖЭРЭС” ТББ орон нутгийн ЭМГ, ХХААГ-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газраас санхүүжүүлжээ.

Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх төслийн зорилго нь эх баригчийн ажлын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийж, төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөр, бусад эрх зүйн баримт бичигт шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, улмаар эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад төрийн болон төрийн бус, ОУБ-ын олон талт хамтын ажиллагааг нягт уялдаатай хөгжүүлэх, эх баригч нарын нийгэмлэгийг чадавхижуулахад оршино.

НҮБ-ын Хүн амын сан төслийн үйл ажиллагааг дэмжин оролцох бөгөөд суурь судалгааг эх баригч бага эмч нарын нийгэмлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль хамтран хийх юм. Уг төслийг Францын Санофи Эспуар сан санхүүжүүлсэн байна.

Тус байгууллагын Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Хараа Хамгаалах Төв байгуулсан юм. Холбооны гишүүдийн зохиосон Хараа хамгаалах программыг мөн танилцууллаа. Цаашид яаралтай тусламжийг зохицуулалттай, цогц тогтолцоо бий болгох, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай талаар оролцогчид онцгойлон дурдав.

Тус байгууллага өмнө нь Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэрийн Асрамжийн газар, Сэлэнгэ аймгийн бүх шатны эмнэлгүүдэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай аж.

 

Холбоотой мэдээ