Ярантын боомтын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-30 22:57:40

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ховд аймгийн Булган сумын “Ярантын боомт”-ын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, зөвлөмж өгчээ.

Тус ажлыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, МХГ-ын хамтарсан ажлын хэсэг гүйцэтгэсэн. Мөн ажлын хэсгийнхэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулжээ.

Сургалтад Булган сумын Ярантын боомтод үйл ажиллагаа явуулж буй найман байгууллагын 42 ажилтан, албан хаагч оролцсон байна.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр энэ оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13:00 цагт Монгол Улсын 2 иргэн БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешкен, Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор дамжин орж ирсэн.

Улмаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэднийг 7-14 хоногийн хугацаанд тухайн боомт дээр тусгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргасан.

Тус иргэдийг хилээр нэвтрэх үед халууныг хэмжин үзсэн. Биеийн байдал хэвийн, халдварын сэжигтэй бүртгэгдсэн орон нутгаар зорчсон хамааралгүй, халдвар судлалын холбогдолгүй байжээ.

Гэвч аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн тухайн иргэдийг Булган сумын Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах өрөөнд хяналтад авч, үзлэг ажиглалт хийж байна.

Ховд аймгийн МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун хэлэхдээ: Ярантын боомт дээр мэргэжлийн байгууллагууд журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Тус боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөн байхгүй ч нүүрс тээвэрлэлт үргэлжилж байгаа. Ийнхүү зорчих хөдөлгөөн байгаа учраас халдварт өртөхгүй гэх баталгаа байхгүй. Мөн боомтын илрүүлэлтийн багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй байна. Үүнээс гадна ариутгалын бодисын хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв.

Мөн Ховд аймгийн иргэд нүүрс тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоож, тус боомтын үйл ажиллагааг хаах шаардлагатай гэсэн санал хэлсэн. Энэхүү  нөхцөл байдалд үндэслэн аймгийн удирдлагууд хилийн боомтыг хаах тухай Улсын онцгой комисст албан хүсэлт гаргасан гэлээ. 

Холбоотой мэдээ