Н.Алдарбаяр: Замын-Үүд сумыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-31 13:52:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Өмнөд хөршид гараад байгаа шинэ төрлийн коронавирусний дэгдэлттэй холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай ярилцлаа.


-Замын-Үүд сум хөрш Эрээн хоттой хиллэдэг учир энд шинэ төрлийн коронавирус илрэх эрсдэлтэй бүс гэж үздэг. Урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Бид улсын болон аймгийн Онцгой комиссоос өгсөн заавар чиглэлийн дагуу тодорхой ажлыг зохион байгуулж байна. Энэ оны нэгдүгээр сарын 22-нд хуралдсан Засаг даргын зөвлөлийн анхдугаар хуралдаанаас эхлээд л коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл гарсан тохиолдолд бэлэн байх асуудлыг ярилцсан байдаг.

Цаашлаад сумын Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шаардлагатай төсөв санхүүг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэлээ.

Шинэ төрлийн энэ вирус хөрш зэргэлдээ Эрээн хотод илрээд байгаа учир үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумыг өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Цагийн байдалтай холбогдуулан сумын Онцгой комисс нийт таван удаа хуралдаад байгаа бол хариуцлагатай жижүүрийг байнга томилон ажиллуулж байна.

-Коронавирусний дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд нэгдүгээр сарын 28-наас эхлэн хязгаарлалт хийж эхэлсэн байгаа. Шийдвэр хэрхэн хэрэгжиж байна?

-Хувийн шугамаар урд хөршийг зорих иргэдийн хөдөлгөөн үндсэндээ зогссон. Хоёр улсын шийдвэрийн дагуу хил, гааль гээд холбогдох албаныхан үүнд хяналт тавьж ажиллаж байна.

-Эрээн хотод буй Монгол Улсын иргэдийг буцааж хил нэвтрүүлсэн гэж сонслоо?

-Өнгөрсөн 28-29-нд БНХАУ-ын Эрээн хотод байгаа монголчуудаа нутагтаа авчрах нь бидний гол ажил байлаа.

БНХАУ цагаан сарын баяр хийсэнтэй холбогдуулж хил хаасан үед хувийн болон албаны ажилтай явж байсан хүмүүс Эрээнд байх нь давхцсан.

Нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газар, Замын-Үүд сумын Онцгой комисс, хоёр талын хил хяналтын байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэнд “Дэлгэрэх тээх” ХХК-ийн 16 автобусаар авто замын боомтоор 931, төмөр замын боомтоор 423 иргэнийг Монгол Улсын хилээр авчирсан. Иргэдийг авчрахдаа улс, аймгийн Онцгой комиссын өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай хяналтыг тавьж нэвтрүүлсэн.

- Ажил албаны шаардлагаар Эрээнд монголчууд олонтаа зорчдог. Одоо ч хүмүүс байгаа?

-Одоогийн байдлаар 100 гаруй хүн Эрээнд байна гэсэн мэдээллийг Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газар өгсөн.

Иргэдээ буцааж хил нэвтрүүлэх талаар сумын Онцгой комиссоос Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газартай хамтран ажиллаж байна. Эрээн хот ч мөн адил өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.

-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын халдвар хамгааллын хувцас, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж  хангагдсан  уу?

-Бид байгаа боломжоо дайчлан ажиллаж байна. Сумын Онцгой комиссын хуралдаанаар Хилийн мэргэжлийн хяналтын албанд зорчигчдын халууныг үзэх төхөөрөмж, ариутгалын бодис зэргийг нийлүүлсэн.

Өмсөж зүүж хэрэглэж байгаа бүх зүйлс нэг удаагийнх. Замын-Үүд  60 ортой эмнэлэгтэй. Гэтэл амьсгалын аппарат ердөө ганцхан ширхэг бий. Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдвартын эмнэлгээ бүрэн чөлөөлж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Гэтэл энд ажиллуулах амьсгалын аппарат байхгүй.  Халууныг үздэг орчин цагийн дижитал аппарат ч хэрэгтэй байна.

-Улс, аймгийн Онцгой комиссоос ямар дэмжлэг, санхүүжилт үзүүлж байна вэ?

-Аймгийн Онцгой комисстойгоо нягт хамтарч ажиллаж ажил үүргийн дагуу зөвлөмж авах, мэдээлэл солилцох гээд байгаа нөөц бололцоогоо дайчлан ажилласаар л байна.

Аймгийн Онцгой комиссоос найман сая төгрөг шийдвэрлэсэн. Төрийн байгууллагууд, хэв журам сахиулах байгууллага цагдаа, онцгой гааль, хилийн мэргэжлийн албад ачаалалтай ажиллаж байна.

Тэдний дархлааг сайжруулахад ч зарцуулах шаардлага байгаа. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 50 гаруй сая төгрөг шийдвэрлэснийг шаардлагатай зүйлсэд зарцуулна. Улсын онцгой комиссоос тодорхой санхүүжилт шийдвэрлэсэн гэж сонссон.

Тулгарч буй ямар бэрхшээл байна?

-Замын-Үүд бол Монголын хамгийн том боомт. Элдэв хорио цээр тогтоогоогүй жирийн үед өдөртөө тус боомтоор зургаагаас найман мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гарч байдаг.

Монголын хамгийн том боомт дээр алба хаагчдын нөөц бололцоо хүрэлцэхгүй үндсэндээ хүч тарамдаж байгаа нь харагдлаа.

Хүн хүчний нөөцийг нэмэх, халдвар хамгааллын хувцсыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлууд тулгарч байна.

Одоогоор 7000 гаруй тараах материал иргэдэд тарааж 4500 гаруй хүнд мэдээлэл сургалт хийлээ. Мөн олон нийтийн байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэх ажлыг сайтар зохион байгуулах, иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэж байх, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг гаргуулахгүй байх зэрэг иргэдийн эрх ашигт хамаатай асуудалд анхаарч ажиллаж байгаа.

Замын-Үүдэд урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хангуулж чадвал дээрх вирусний дэгдэлтийг Монголд оруулахгүй байх боломжтой. Коронавирусний халдвараас өөрсдийгөө хамгаалахын тулд иргэд та бүхэн ухамсар гаргаж урд хөрш рүү, өвчний голомт руу зорчихгүй байхыг уриалж байна.

Холбоотой мэдээ