"Алсын хараа-2050"-ыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-02-03 17:00:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байна. 

"Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой. 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар, зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөж, хөгжлийн бодлогын цөм нь Монгол хүн байж, хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүнийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм" гэдгийг Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр онцолж байна. 


Манай улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудыг дүгнэж, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа юм. 

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дуусган Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдээд байгаа юм. УИХ-аар 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж батлахыг тусгаад байна. Энэ талаар ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр цааш нь хэлэхдээ, "Урт хугацааны хөгжлийг бодлогын зөвхөн Монгол гэлтгүй, манай хөрш 2 орон, дэлхий томоохон улс орнууд, нийтээр, дээр нь НҮБ хүртэл бодлогуудаа 30 жилээр төлөвлөдөг болоод байгаа. 

Энэ утгаар бид олон улсын жишгээр хөгжлөө боловсруулж тодорхойлохдоо 220-2050 он хүртэл гэсэн үечлэлийг авсан. Энэ дотроо эхний 10 жилд нэлээн бодитой хэрэгжих төслүүдээ оруулж өгч байгаа. Сүүлийн хоёр 10 жилд нэлээн алсын хараатай ерөнхий байдлаар томьёологдсон байгаа. Мөн эхний 10 жил нь дотроо томоохон төслүүдийг тав таван жилээр оруулж, ТЭЗҮ-г боловсруулж оруулахаар тусгаад байгаа" гэв. 

Тэрээр, урт хугацааны хөгжлийн бодлогын арга зүйг их, дээд сургуулийн 500 шахам эрдэмтэн докторын оролцоотой боловсруулж, энэ оны нэгдүгээр сард хамтарсан баг гарган бүх аймагт газар дээр нь ажиллаж аймаг, орон нутгийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмжүүд гаргасныг хэллээ. 

Бодлогоо үүн дээр гарган, боловсруулсан төслүүдээ орон нутагт Улсын ерөнхийлөн захирагч нарт дахин хүргүүлж, баталгаажуулан хэлэлцүүлж, 150 гаруй мянган хүн саналыг авчээ. Хамтарсан багт аймаг, орон нутаг, салбарын түвшний 1500 хүн албан тушаалын байдлаар орж ажилласан гэв. 

Б.Болд


Холбоотой мэдээ