Зүүн бүсийн автозамын төсөлд Кувейтийн сангаас 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-04 12:03:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 3-5-ны өдөр Кувейт Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзлаа.

Уулзалтаар Зүүн бүсийн аялал жуулчлалын зангилаа болох Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн талаар мэдээлэл өгч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад шаардлагатай 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Кувейтийн талаас авах асуудлыг хөндөн ярилцсан байна.


Кувейтийн сангаас манай хүсэлтийг сарын 19-нд болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэж буйг тэмдэглээд, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгджээ.


Манай улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын УЦС-ыг барьсан бол, буцалтгүй тусламжаар Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.


ТНБД Д.Даваасүрэн Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосонд монголын ард түмэн нэн талархалтай байдгийг тэмдэглэж, явцдаа байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.


Холбоотой мэдээ