“Ногоон наадам”-ын медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-02-04 12:40:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын тамирчдад гардуулах медаль, медалийн тавцан зэргийг хаягдал дахин боловсруулсан эд материалаар үйлдвэрлэхээр болжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрт тулгуурлан болох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж эхэллээ.


Спортын 25 төрөлд зохион байгуулах “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотноо болно.


Энэхүү наадам нь улс эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад эко боловсрол, эрүүл мэндийн боловсрол олгох эн тэргүүний зорилготой юм. Энэ өдрийн санамж бичиг зурах ёслолд “Олон улсын залуучуудын ногоон наадам” зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга буюу гүйцэтгэх хорооны ерөнхий захирал Б.Тамир, Монголын Спорт анагаах ухааны шинэ үе академийн ТУЗ-ийн дарга Д.Баяржаргал, Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан, “Летс тревэл” ХХК-ны Ерөнхий захирал С.Амгаланбат нар оролцож гэрээнд гарын үсэг зурав.



Тус наадамд хамтран ажиллах байгууллагуудын хувьд үндсэн хэд хэдэн үүрэгтэй бөгөөд Монголын спорт анагаах ухааны шинэ үе академиас наадмын үеэр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх 60-80 гаруй эмч, сувилагчийг бэлтгэх, туслалцаа үзүүлэх, “Жаргалтай ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийн болон ерөнхий боловсролын сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож бэртэл гэмтлээс хэрхэн урьдчилсан сэргийлэх зэрэг шат дараатай сургалт зохион явуулах юм. Харин “Летс Трэвел” ХХК зочид буудлын нийт зохион байгуулалтыг хариуцан ажиллана. Үүнд ижил цэстэй эко хоол хүнсээр хангах, зочид буудлуудын халдваргүйжүүлэлт, харуул хамгаалалтыг нэгдсэн системд оруулах зэрэг бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа аж.


Харин Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос наадмын үеэр хог хаягдлын асуудлыг бүхэлд нь хариуцаж тэмцээний үеэр болон дараа хаягдал гаргалгүй дахин боловсруулалт хийнэ. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын хүрээнд хүүхэд залууст хандсан “Ногоон захидал” аянг зохион байгуулах юм. Иймд тус холбооноос энэ аянд нэгдэж хог хаягдлыг хэрхэн ангилах, ашиглах, боловсруулах сургалтад хүүхэд залуучуудыг хамруулна


Токио хотноо зохион байгуулах зуны 32 дугаар олимпыг байгальд ээлтэй эко наадам болгоно гэж байгаа бөгөөд Япон улс, ард иргэдийнхээ дунд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аян өрнүүлж, тэдгээрийг дахин боловсруулж олимпын медалиудыг хийж эхэлжээ. Энэхүү байгальд ээлтэй үйл ажиллагаа нь олимпизмийн үзэл санааг өргөжүүлсэн цоо шинэ тохиолдол юм.



"Токио-2020" олимпын наадам шиг “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д ашиглах медаль, медалийн тавцан зэргийг хаягдал дахин боловсруулсан эд материалаар үйлдвэрлэх юм байна.


Ташрамд дурдахад, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д оролцох хүсэлтэй албан байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн гэдгийг “Ногоон наадам”-ын Ерөнхий зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн хамт олноос онцолж байгаа аж.


Холбоотой мэдээ