ХӨСҮТ: Дархан-Уул аймагт коронавирусний халдварын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-05 14:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт энэ сарын 4-нд коронавирусний халдварын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул тусгаарлан тандалт судалгаа хийж, хянаж байна" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцоллоо. 

Тэрбээр хэлэхдээ, "Уг иргэн нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байсан. Түүнчлэн энэ сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрснийг тусгаарлан шинжилгээнд хамруулж, эмчийн хяналтад оруулсан. Хариу нь маргааш гарна” гэсэн юм. Мөн тэрбээр Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн. Клиник, лаборатори, тархвар судлаач хамтран зөвлөлдөж, шинжилгээ, үзлэг хийж байгаа. ДЭМБ-аас ирүүлэх 3000 оношлуурын 500 нь ирэх долоо хоногийн эхээр Монголд ирнэ гэж мэдээлсэн юм.


Улсын онцгой комисс шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан дэд ажлын баг байгуулсан. Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар шуурхай ажлын баг байгуулж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Хонгор, "Дэд ажлын багийг мэргэжлийн байгууллагаас гаргасан шинэ коронавируст халдвартай холбоотой мэдээллийг нэгтгэн цуглуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой байдлын ажлын албанд дамжуулах, холбогдох байгууллагад өгч байгаа үүрэг даалгаврын хэрэгжүүлэх үйл явцыг хянах зорилгоор байгуулсан. Шадар сайдын 8 дугаар тушаалыг үндэслэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан сургалтын хоёр байгууллагад зохих арга хэмжээ авч нэгнийх нь эрхийг хассан.  Цагаан сарын баяр ойртож буйтай холбоотой хүнсний эрүүл ахуй, халдвар хамгаалах чиглэлээр худалдааны төв болон байгууллага, хувь хүнд мэдээлэл зөвлөгөө өгч байна" гэв.


“Өчигдрийн байдлаар шинэ коронавирусний 20630 тохиолдол бүртгэгдсэний 426 нь нас барсан. Нас баралтын түвшин 2.1 хувьтай байна. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-аас илэрсэн. Одоогоор дэлхийн 23 улсад 159 тохиолдол илэрсэн. БНСУ, Вьетнам, Герман, Малайз зэрэг оронд шинэ коронавирусний сэжигтэй 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн” гэж Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэллээ.

Монгол Улс коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүс нутаг гэдгийг иргэд ухамсарлан дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зөвлөгөөг дагахыг ЭМЯ-аас анхаарууллаа.

П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ