ЭМЯ: Дархан-Уул аймгийн иргэнээс коронавирусний халдвар илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-06 13:01:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт тусгаарласан иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй, одоо хяналтад байгаа гэж ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Дархан-Уул аймагт энэ сарын 4-ний өдөр тусгаарласан иргэн шинэ коронавирусээр халдварлаагүйг тогтоосон. Мөн энэ сарын 5-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр иргэнээс халдвар илрээгүй. Харин Орхон аймагт тусгаарласан иргэний сорьц өчигдөр орой шинжилгээний лабораторид ирсэн. Өнөөдөр хариу нь гарна” гэв.


“Шинэ коронавирусээр халдварласан тохиолдол 24550, нас барсан 492 иргэн байна. Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар дэлхий дахинд шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо өчигдрөөс 3857-оор нэмэгдсэн. Мөн халдвар авсан тохиолдолын 80 хувь нь хөнгөн явцтай байна. ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ” хэмээн Монгол дахь ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэллээ.


Зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаар ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энхболд, “Иргэний нисэхийн салбарт нислэг үйлдэх ёстой байсан нэгдүгээр сарын 28, 29, 30-ний өдрийн  гурван нислэг, энэ сарын 20, гуравдугаар сарын хоёр нислэгийг цуцлаад байна. Төмөр замаар ням гарагаас бусад гарагт БНХАУ руу галт тэрэг аялж байна.

Бээжин-УБ-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Агаарын тээвэр, төмөр замаар зорчиж байгаа иргэдэд БНХАУ руу зорчихгүй байх зөвлөмж өгч байна. Зайлшгүй явах шаардлагатай бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч байгаа” гэв. 

П.Хүслэнтуяа



Холбоотой мэдээ