СИЙЛБЭР УРЛАЛЫН СЭНТИЙ ТИЙШ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-02-06 15:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Анхдагч хэмээх тодотгол урлагт олон. Хамгийн анхны сонгодог уран зураг, кино, ном зохиол, баримлаас хойш ч шинэ, шинэлэг зүйлсийг туурвилчид бүтээж дахин нэг анхдагч бүтээлийн эзэд болно. Өдгөө Монголд анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр бүхий том хэмжээтэй далны ясан сийлбэрийг уран бүтээлч, МУСТА Т.Баттогтох бүтээж “Далны симфони” гэх шинэхэн үзэсгэлэнгийнхээ үеэр толилуулсан билээ.


Далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн өгч, хуурай модоор сийлж хийсэн тус бүтээл нь “Далай” хэмээх нэртэй бөгөөд “агуу их” хийгээд “сүрлэг том” гэсэн утгыг давхар хадгалсан гэдгээ уран бүтээлч Т.Баттогтох хэлж байв. Түүний далны ясаар хийсэн сийлбэрүүд овор хэмжээ, олон зүйл материал, уран сэтгэмж, ур хийцийн хувьд шинэ хийгээд дахин давтагдашгүй байдлыг илэрхийлдэг. Мэдээж мод болон элдэв төрлийн шавар, баримлын материалуудаар бүтээл үйлдэх нь нэгэнт эртнээс бий болсон хэвшил боловч далны яс, амьтны эврээр дагнаж хийсэн уран бүтээлийн хувьд үнэ цэн нь илүү. Сүүлийн хорь гаруй жил зөвхөн далны ясаар ийнхүү бүтээл туурвиж сийлбэрийн урлагт цоо шинэ түвшин бий болгож, үнэтэй хувь нэмэр оруулах болсныг судлаач, урлаг сонирхогчид өндрөөр үнэлдэг.


УЛАМЖЛАЛ БА ЭНЭ ҮЕ




Монголчууд далны ясаар мэргэ төлөг хийдэг байсан эртний уламжлалт заншил бий. Тиймээс ч “мэргэн дал” гэх буюу 200 ясны эцэг нь хэмээн дээдэлж хамгийн хүндтэй зочноо дайлдаг байв. Мэргэн далыг мэрж иддэггүй, хутгаар л зооглодог заншил өвлөгдсөн бөгөөд далны хуудас хамгийн амттай, уураг, шим тэжээлээр баялаг учир ганцаар иддэггүй, олуулаа хуваадаг учиртай.


Яг энэ уламжлал, нүүдэлчдийн домгийн сэтгэлгээг орчин үеийн урлагтай хослуулсан “Өрөг” нэрт бүтээл нь Т.Баттогтохын хамгийн сүүлд хийсэн онцлох, томоохон ажлуудын нэг юм. Тэрээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр буджээ. Тэдгээрийг нисэж буй аварга том шувууны хэлбэртэйгээр эвлүүлсэн нь тэр чигтээ тэнгэр болоод шувуутай холбоотой домог бүрийн нарийн урлал нүдэнд үзэгдэнэ. Мөнхүү доод талд нь монгол гэрийн хана дугуйлах аргатай хослуулсан хэлбэртэйгээр байрлуулж дунд нь хүүхдийн бойтогны хонх сүлжиж өгчээ. Тэр л эгшиг аялгуу, мэргэн далны учир шалтгаан хоорондоо уялдан найрсч “далны симфони” буюу нэгэн цул бүхэллэг эгшиг үүсгэжээ. Нэг ёсондоо үндэсний сэтгэлгээг шингээсэн сийлбэрийн урлагийн яруу чимээ сонстсох шиг болно.


Олон олон жижиг далны яс, хэлхээсүүд нийлж, мод, утсаар хэлхэлдэж, эвлэн угсрагдсаны дүнд түүний бүтээлүүд бий болжээ. Эдгээр нь өмнө огт байгаагүй, цаашид ч бий болохгүй, зөвхөн цор ганц удаагийн загвар, утга санааны эвлүүлэг юм. Гэхдээ уран бүтээлчийнх нь хувьд үнэлэх, бүтээлийнх нь тухайд дүгнэх боломжтой ч дүн тавих цаг болоогүй. Учир нь Т.Баттогтох Монголын Дүрслэх урлагийн дээд сургуулийн сийлбэрийн анги, СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр тус тус төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвисаар байна.


Сайн бүтээлд зөвхөн цаг хугацаа дүн тавьдаг. Харин ахин яг адилхан загвараар бүтээгдэхгүй тэрхүү цор ганц хийцтэй далны сийлбэрүүд цаг хугацааг хэрхэн тэсч үлдэхийг хэн ч таашгүй. Ямартаа ч түүний “Алтан ургийн 36 хаан” сийлбэр нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр шалгарсан бол “Аав ирлээ” хэмээх бүтээл нь өнгөрсөн оны “Монголын сийлбэрчдийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээл”-ийг мөн хүртэж байв. Ингээд бодохоор цаг хугацаа ямартаа ч бүтээлийнх нь үнэ цэнийг хэмжиж эхэлсэн бололтой.


Тэрээр Швед улсын “Шагайн тойром” наадмын шагналын бүтээлийг захиалгаар хийж байснаас гадна Туркместаны “Адууны соёл” үзэсгэлэнд “Сартай шөнө” бүтээлээрээ шалгарч байв. Мөнхүү дэлхийн зураачдын холбооны ерөнхийлөгчийн урилгаар Бээжингийн үзэсгэлэнд далны ясан бүтээлээр оролцсон билээ. Мөн түүнчлэн Англи, Тайвань, Солонгос, Бельги, зэрэг орнуудад ч үзэсгэлэнгээ гаргаад амжсан байна. Түүний ихэнх бүтээл гадаадын улс орнуудын алдартай цуглуулагч, музей, урлагийн бүтээл сонирхогчдын таалалд нийцдэг. Одоогоор бүтээлүүд нь 40 гаруй орны хүмүүсийн цуглуулгад бий. Энэ бүхнээс харахад далны ясаар үндэсний эгшиг цуурайтсан сийлбэр урладаг Т.Баттогтохын авьяас чадвар, ур ухааныг дэлхийд хэдийн өндрөөр үнэлээд эхэлжээ.


ДУРСАМЖ ХҮРТЭЭГЧ




Эртнээс нүүдлийн аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын таван хошуу малын түүхий эдийн нэг болох далны ясаар туурвисан бүтээлд нь “Монголын урлаг” гэх тодотгол үргэлж дагалдах болно. Түүний далны ясаар бүтээл туурвих болсон шалтгаан нь ч таван хошуу малтай холбогддог. Анх 1994 онд Н.Жамбалдорж, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд агсан нар тэмээний музей байгуулах зорилгоор уран бүтээлчдийн дунд “Тэмээ тэнгэрийн амьтан” нэртэй уралдаан зарлажээ. Энэ тухайгаа Т.Баттогтох хуучлахдаа “Миний хувьд уг уралдаанд  сийлбэрч хүнийхээ хувиар орохоор шийдсэн. Мод, чулуугаар  сийлвэл сийлнэ л дээ. Гэхдээ бусдаас  өөр  байх ёстой гэж бодоод, тухайн үед  үхрийн дал олж авч байлаа. Тэгээд үхрийн далны нурууны хэсэгт тэмээн жингийн цуваа сийлээд,  хотны хэсэгт нь  эртний хадны сүг зураг сийлсэн. Мөн тэмээний 300 гаруй тамганаас нэлээд хэдийг сийлж, уг бүтээл маань хоёрдугаар байранд орж байлаа. Улмаар музейд тавьснаас хойш далаар сийлбэр хийхээр шийдсэн” хэмээсэн юм.


Өнгөрсөн бүхнийг эргэн санахуйгаар тоймлон авч үзвэл тэр бүхэн ерөөс дурсамжинд хамааралтай болно. Дурсамжийг эргүүлэн авчрах нь урлагт ямагт онц гойд сэтгэлгээний загвар байсаар ирсэн. Нөгөөтэйгүүр нүүдэлчид гэсэн асар том байгалийн шүтэлцээт өвөрмөц зан заншил, ёс жаяг бүхий “тотем” түүнд бий. Учир нь түүний бүтээлүүд нэг бол дан морьд, нөгөө талаас Монголын түүхэнд алдар нэр нь дуурьссан хаад, хатад эсвэл ардын домог, зан заншилтай холбоотой байдаг. Эдгээр нь ахин давтагдашгүй өвөрмөц соёл, монголчуудын ахуй амьдралтай зуун зууны туршид холбоотой байсаар ирсэн ба оюун сэтгэлгээнд нь хэзээ ч үл арилах байдлаар загварчлагдаж үлдсэн дурсамж юм. Түүнийг бусдад хүртээхийн тулд, эртнээс уламжилж ирсэн ёс заншил, мартах ёсгүй түүх соёлын өвийг давхар бэлгэдлийн утга агуулсан далны ясан сийлбэрээр дэлхий дахинд таниулж яваа хүн бол яах аргагүй уран бүтээлч Т.Баттогтох. Тийм дээ ч тэр монголын сийлбэр урлалын сэнтийд томоохон байр суурь эзэлнэ.


Уран бүтээлч хүн нэгэнт өөрийн бүтээл урлах хэв маяг, төлөвшилөө олж чадсан бол ямарч хэлбэр хийцтэй байсан бүтээлийн үнэ цэнэ нь хэзээд үл алдагдах буюу. Цаг ямагт эрч хүчтэй, зарим нь зөөлөн дурсамж агуулсан өнгө аястай, давтамжууд нь хэзээд уламжлалт ахуйн давхар бэлгэдэлтэй далны ясаар урласан бүтээлүүд. Одоо ч сийлбэрч Т.Баттогтох энэ л бүтээлүүдээ үргэлжлүүлсэн туурвисаар Улаанбаатар хот дахь урландаа уран бүтээлийн тухай бясалгасаар сууна.

Гэрэл зургийг | Б.Чадраабал

Холбоотой мэдээ