Монголын жүдочид Парис болон Дюссельдорфын Их дуулгад хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн шигшээ баг 2020 оны эхний олон улсын тэмцээнд оролцохоор пүрэв гарагт /02.06/ Европ тивийг зорив.
Парис хотноо хоёрдугаар
сарын 8-9-нд болох “Парис-2020” Их дуулга тэмцээнд 121 орны 740 жүдоч /эрэгтэй
446, эмэгтэй 294/ оролцох бөгөөд Монгол Улсаас 20 жүдоч хүчээ сорих юм.
Багийн бүрэлдэхүүнд эмэгтэй жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг, эрэгтэй жүдочдоос 60 кг-д ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ний хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ний хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
Парисын Их дуулгад Францаас хамгийн олон буюу 56 жүдоч барилдах бол ОХУ, Герман, Португал улсаас 21, АНУ, Монголоос 20, Японоос 19 жүдоч хүчээ сорих юм байна.
Монголын жүдочид тус тэмцээний дараа энэ бүрэлдэхүүнээрээ Парист хамтарсан бэлтгэлд оролцоод, тэндээсээ Германыг зорьж хоёрдугаар сарын 21-23-нд болох Дюссельдорфын “Их дуулга” тэмцээнд хүчээ сорих юм.