21 үйлдвэр байгуулах асуудлыг гэрээнд онцгойлон тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-07 21:31:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ сумын Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах үеэр Засаг даргын зүгээс 2019 онд аймгийн нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд гарсан өөрчлөлт, үр дүнг дүгнэж, “өнгөрсөн жил манай аймгийн хувьд хөрөнгө оруулалт татаж, эдийн засаг бэхжиж, иргэдийн амьдралын чанар сайжирсан жил байлаа. Мал сүрэг таван төрөл дээрээ өсч, дөрвөн саяаас дээш давлаа. Энэ бол манай малчдын уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Түүний ар талд сумын Засаг дарга нарын маань бүтээлч, уйгагүй хөдөлмөр, зохион байгуулалт, манлайлал байгаа.

Улсын төсвийн 57,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 108 ажлыг гүйцэтгэж, хөрөнгийнх нь асуудал шийдэгдэхгүй, царцсан байсан хэд хэдэн барилгын ажлын хөрөнгийн асуудлыг шийдүүлж, ОНХС-ийн 21,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 9,7 тэрбум төгрөгийг сумдад бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан” гэлээ.  

Энэ удаагийн хамтран ажиллах гэрээнд 21 жижиг, дунд үйлдвэр байгуулах ажлыг онцлон тусгаж, үүрэгжүүлж байгаагаа тэрээр онцолсон юм.

Тодруулбал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөдөөгийн 14 суманд тус бүр нэг, Сайнцагаан суманд 6 үйлдвэр байгуулах асуудал орсон бөгөөд одоогоор 10 орчим жижиг үйлдвэрлэл, цех байгуулсан гэдгийг аймгийн ХХААГ-аас мэдээлсэн.

Өнгөрсөн жилийн сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд энэхүү заалтыг оруулсан байсан хэдий ч хэрэгжилт нь муу байгаа тул энэ жил мөн гэрээнд тусгаж, онцгойлон үүрэгжүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ