Коронавирусний тархалт “Токио-2020” Олимпын наадмын хуваарьт нөлөөлөхгүй

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-02-13 13:45:16

ТОКИО. /Kyodo/. Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт “Токио-2020” Олимп, Паралимпын наадмын хуваарьт нөлөөлөхгүй гэж уг наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори пүрэв гарагт мэдэгдсэн байна.


Токиогийн Олимпыг хойшлуулах эсвэл цуцлах бодолгүй байгаагаа дахин илэрхийлж байна гэж Ё.Мори Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөөлөгчидтэй хийх хоёр өдрийн уулзалтынхаа эхэнд мэдэгджээ.


"Уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн вирусний халдвараас үүдэлтэй аливаа асуудлыг зохицуулж, хариу арга хэмжээ авах чиглэлд Олимпын наадмыг зохион байгуулагчид Засгийн газартай хамтран ажиллана" гэж Ё.Мори нэмж хэлжээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлж буйгаар, эх газрын Хятадад уг вирусээр халдварласан хүний тоо 60 мянга дөхөж, нас барсан хүний тоо 1300 давсан аж.


Япон улсад лхагва гарагийн байдлаар коронавирусний халдварын 203 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд Токио хотоос 30 километрийн зайд орших Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон хөлөг онгоцны зорчигч, хөлгийн багийнхан нийлсэн 174 хүн багтаж байна. Уг вирусний халдварын тохиолдол Ази, Европ, Хойд Америкийн 20 гаруй оронд бүртгэгджээ.


ОУОХ-ны Зохицуулалтын хорооны дарга Жон Коутс шинэ төрлийн коронавирусийг “гэнэтийн асуудал” хэмээн нэрлээд, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид Японд ирэх тамирчид, жуулчдад зориулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 


Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа Токиод болох хоёр өдрийн уулзалтын үеэр шинэ төрлийн коронавирусний эсрэг авах арга хэмжээний талаар мөн хэлэлцэх ажээ. Мөн Токио хотод зуны улиралд хэт халдагтай холбогдуулан Олимпын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнүүдийг Саппоро хотод зохион байгуулахтай холбоотой зардлын асуудлуудыг уг наадмыг зохион байгуулагчид ОУОХ-ны төлөөлөгчидтэй хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Б.Отгонтуяа

Холбоотой мэдээ