Монгол болон Уругвай улсын Хөлбөмбөгийн холбоо хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-04-26 09:56:02

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Уругвай Улсын Монтевидео хотноо тус улсын “Хөл бөмбөгийн холбоо”-ны Ерөнхийлөгч ноён Вилмар Валдезтай уулзлаа.

Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улсын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарын захидлыг ноён Вилмар Валдезд гардуулан өгч, хоёр орны хөл бөмбөгийн спортын харилцаа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов. Ерөнхийлөгч Вилмар Валдез “хоёр орны хөл бөмбөгийн холбоодын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж”, мэргэжлийн дасгалжуулагчдыг ажиллуулах, хөл бөмбөгийн легионер тоглогчдыг Монгол Улсын багт тоглуулах, өсвөрийн хөл бөмбөгчдийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх боломжтойг дурдан хамтран ажиллахаар тогтлоо.

Дашрамд дурдахад, Уругвай Улсын Хөл бөмбөгийн холбоо нь анх 1900 онд байгуулагдсан бөгөөд 116 жилийн түүхтэй. Тус улс нь 3.5 сая хүн амтай, хөл бөмбөгийн спорт өндөр хөгжсөн орон юм. Тухайлбал, шигшээ баг нь Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын цомыг хоёр удаа, Олимпийн аваргын алтан медалийг хоёр удаа, Америкийн цомыг хамгийн олон буюу 15 удаа хүртжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ