Дипломат болон албан паспорт эзэмшигчид Грект визгүй зорчино

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-17 17:55:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Мюнхен хотод жил бүр зохион байгуулдаг Мюнхений аюулгүй байдлын Бага хуралд оролцож байна. Хурлын эхний өдөр тэрбээр Мюнхений аюулгүй байдлын бага хурлын нээлтэд оролцохын зэрэгцээ Грек Улсын Гадаад харилцааны сайд Никос Дендиас, ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд Нийлс Аннен нартай уулзлаа.


Бага хурлын үеэр Монгол Улс, Грек Улсын Гадаад харилцааны сайд нар хоёр улсын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын БОАЖЯ, Грек Улсын Аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт тус тус гарын үсэг зурав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд Н.Аннэнтай Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ. Мөн хил дамнасан хууль бус наймаатай, ялангуяа хар тамхитай холбоотой ноцтой гэмт үйл ажиллагаанд монгол иргэдийг татан оролцуулж буй явдалтай эрс тэмцэх чиглэлээр хоёр улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтийг дэвшүүлж ярилцжээ. 


Энэ жил 56 дахь удаагаа болж буй тус хуралд гадаад улсын 35 орны төрийн тэргүүн, 100 гаруй орны Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайд нар оролцож “Барууны орнууд олон улсын аюулгүй байдал, олон улсын харилцааны хэв журмыг сахиулах үүрэг хариуцлагаас ухарч байна уу” гэсэн чухал асуултад хариулт хайж байна.


Олон улсын харилцаа тогтворгүй болж, дэлхийн их гүрнүүд өөрсдийн нөлөөг бэхжүүлэхийн төлөө улам өрсөлдөж буй энэ үед барууны орнууд нэгдсэн зорилго, төлөвлөгөөтэй хамтран ажиллаж чадаж байгаа эсэх, тэдний хооронд үүсээд буй санал зөрүүтэй байдлыг даван туулах шийдлийг энэ удаагийн олон улсын хурлаар хэлэлцэж байгаа юм.

Холбоотой мэдээ