Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-18 20:26:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүртэлх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй билльярд, кино, үзвэр үйлчилгээ, амралтын газрууд, сүм, хийд, баар, кафе, караоке, пааб, саун, нийтийн бүжиг, фитнес, теннис, соёл, спортын клубуудын үйл ажиллагааг түр зогсоосон.

Мөн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн архи, согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг өглөөний 08.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажиллуулахаар болсон.

Сэлэнгэ аймгийн хувьд хилийн онцгой бүс учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг Сэлэнгэ аймагт эрчимтэй зохион байгуулж байна.

Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудын үйл ажиллагааг шалгасан.

Эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналтгүй насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй байх, өрөө тасалгаанд архидан согтуурахгүй байхад онцгой анхаарах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө өгчээ. Түүнчлэн мэдээллийн самбарт санамж, сэрэмжлүүлэг байршуулан ажилласан аж.

Мөн энэхүү хорио цээрийн дэглэмийн үеэр бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулах, хүүхэд харах хүнгүй гэртээ байгаа хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгох, үр хүүхэдтэйгээ байх нөхцөл боломжийг байгууллагууд дотооддоо зохион байгуулан ажиллахыг Сэлэнгэ аймгийн төр, төсвийн байгууллагаас уриаллаа.

Холбоотой мэдээ