Ариутгалд 6 мянга гаруй ААН, байгууллага хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-18 14:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдрийн байдлаар нийслэлд 6398 ААН, байгууллага ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамрагдаад байна. 

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд мэдээллээ. Нийслэлд худалдаа, үйлчилгээний 10 мянган гаруй ААН-д ариутгал хийх юм байна. 

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын нийт 160 орчим хүн 2 дугаар сарын 8-наас эхлэн уртасгасан цагаар хийж байна. Ариутгалд, худалдаа үйлчилгээний 2 мянга гаруй ААН, байгууллагын 161.093 шоо метр талбайг хамруулаад байна. Энд худалдааны төв, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, хүнсний мухлагууд багтжээ. Мөн энд хоол үйлдвэрлэлийн 509 газар, авто угаалга, авто засварын 1492 газрыг хамраад байна.  


Мөн эрсдэл бүхий үйлчилгээний цэг салбар бүхий  автобусны буудал, худаг, хоёрдогч түүхий эдийн төвүүд,  нийтийн бие засах газар, гэр хорооллын хогийн цэг, орон сууцны бункер, ТҮЦ, дугуй засвар зэрэг 6861 газрын 104.079 ам дөрвөлжин метр талбайг ариутгаад байна. Ариутгал хийж байгаа хүмүүсийн хувцсыг нэг удаа хэрэглээд шууд устгалд оруулж байгаа аж. 

Энэ талаар Монголын Халдваргүйтгэл, ахуйн, шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав, "Ариутгал халдваргүйжүүлэлтэд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 108 сая төгрөгийн санхүүжилт гаргасан. Үүгээр тооцоход нэг газарт 3 сая төгрөг зарцуулж байгаа юм. Үүгээр зөвхөн ариутгалын бодисыг авч нөөцлөхөд дөнгөж хүрч байна" гэв.


Тэрээр, "Ариутгал халдаргүйжүүлэлтэд ашиглаж буй “Клорсент-17”, “Жавиолен”, “Гипохлорид кальци” зэрэг хлор агуулсан бодисыг Ирланд улсаас захиалан авчирч байна. Ариутгалыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эрсдэл бүхий газруудад үнэ төлбөргүй хийж байгаа. Харин бусад ААН, байгууллагад нэг шоо метр талбайг 800 төгрөгөөр хийж байгаа ч Ариутгал халдваргүйтгэлийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд 200 төгрөг болгон бууруулсан" гэв. 


Ариутгал хийлгэж буй ААН, байгууллагууд ариутгал хийж байгаа байгууллагын албан ёсны үнэмлэх, гэрээ хэлцэл бүхий акт, хотын захирагчийн газраас олгосон түр үнэмлэх зэргийг  сайтар нягталж ариутгал хийлгэхийг анхаарууллаа. 

Мөн халдваргүйжүүлэлт хийж байх явцад зарим ААН, байгууллагын ажилчид амны хаалтгүй байх, ариутгалд хамрагдахаас эсэргүүцэх байдал гарч байгааг хэллээ. Нийслэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран гүйцэтгэж байна. 

Б.Содгэрэл

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ