С.Цэвээндорж: Тэмээг хүчээр биш арга, эвээр л маллана

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-18 18:40:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвандолдугаар жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилд Өвөрхангай аймгаас “Аймгийн аварга саальчин” зургаа төрлөө. Тэдний нэг Гучин-Ус сумын хоёрдугаар багийн малчин С.Цэвээндоржтой хоромхон хугацаанд ярилцсан юм.

-      -Та  аймгийн аварга саалчин, дүү тань аймгийн аварга малчин боллоо.  Баяр хүргэе, удмаараа малч улс уу?

-    -Баярлалаа. Сэтгэл хөөрч байна. Миний дүү С.Чойдоггямцай энэ жил аймгийн аварга малчин боллоо. Бид багаасаа аав, ээжийгээ даган мал маллаж, тэднийхээ алтан сургаалиар л өдий зэрэгтэй яваа улс. Манайханд улс, аймгийн аварга малчид цөөнгүй бий.

-       -Хэчнээн толгой малтай вэ, саалийн мал олонтой юу?

-      -Жилд мянга гаруй толгой мал тоолуулдаг. Энэ жил хоёр хүүдээ мал тасдаж өгсөн. Өөрийн нэр дээр 570 гаруй толгой мал тоолуулснаас 170 гаруй нь тэмээ юм даа. Дөрвөн хошуу малтай.

-       Өнгөрсөн зун сүү сааль хэр базаав. Цагаан идээгээ борлуулдаг уу?

-     -Авсан саалиа хэмжиж, тоолоод байхгүй юм. Цаг оройтсон ч малыг яаралгүй саадаг болсон. Бараг л найман сар гаргаж байгаад саадаг. Ингээ жилийн дөрвөн улиралд саана. Энэ жил 20 гаруй ингэ сааж, сүү, цагаан идээний дийлэнхийг ингэнээсээ авч байна. Цагаан идээгээ зараад байдаггүй. Авъя гэсэн хүн авч л байдаг. Өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж, хол ойрын ах дүүсдээ өгөөд л таардаг даа.

-       Та эмэгтэй хүн.  Тэгээд бас тэмээчин гэхээр бахархах, гайхах сэтгэл төрж байна. Тэмээ маллана гэдэг амаргүй шүү дээ?

-     -Тэмээнээс чадалтай хүн гэж хаана байхав. Тэмээ гэдэг амьтныг хүчээр дийлж чадахгүй, арга, эвээр л аргадаж маллана. Ноослох, саах гээд богийг бодвол ажиллагаа ихтэй. Гэхдээ тэмээ их уяхан амьтан, арганд их орно. Ботгоо голохоор нь хөөслөхөөр нулимс нь бөмбөрөөд л ботгоо авдаг. Би нас сүүдэр 62 хүрлээ. Ээж, аавынхаа заасан сургааль, хэдэн хүүхдийнхээ дэмээр л тэмээ маллаж байна даа.

-       Таны энгэрт алдарт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзаж байна.  Олон хүүхэдтэй юу?

-    -Би найман хүүхэдтэй. Өөрөө таван хүүхэд төрүүлсэн. Өргөж авсан гурван хүүхэдтэй, 10 гаруй ач зээтэй. Хэдэн дүү нарын хүүхдүүд хэдийд л бол хэдийд наашаа явж байдаг. Манай дүү нар сургууль соёл гээд хүүхдүүдээ надад орхичихоод явна. Олон хүүхэд өсгөсөн. Миний өсгөсөн нэг хүү надтай хамт тэмээ маллаж байгаа.

-    -Танай хаахна өвөлжи байна? Малын бэлчээр ус хүрэлцэж байна уу?

-       -Гучингийн нурууны өвөл Эмээлийн буудал гэдэг газар нутаглаж байна. Зундаа газрын гарц тааруу байсан болохоор өвс тийм ч сайнгүй. Цасгүй тулдаа л болж байна. Адууны отор орж ирээд хамчихлаа. Энэ жил газар дэлхийн гарц муухан ч цаг агаарын байдал сайхан байна.

-       

Холбоотой мэдээ