"Тахько" ногдол ашиг тараахаар болов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-18 18:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тахько” ХК өнгөрсөн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг, нийт 128.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар болов. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох юм. "Тахько” ХК-ийн ТУЗ энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлээд байна гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв. 


"Тахько" компани нь Монгол Улсад анхны Оёдлын артелийг 1931 онд Улаанбаатар хотод байгуулж тулгын чулуугаа тавьж, өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж, сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.



Холбоотой мэдээ