Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхийг ард, иргэдэд уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-20 14:21:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга хоёрдугаар сарын 18-нд "COVID-19" коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамтарсан багийн ажлын явцтай танилцлаа. 

Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва нар шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр байгуулагдсан "Хамтарсан баг"-ийн өдөр тутмын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Ажлын хүрээнд захаар үйлчлүүлж буй иргэдийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдийн санал, хүсэлтийг сонсож сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхийг ард, иргэдэд уриалсан юм.

Мөн Авто тээврийн газрын хот хоорондын хөдөлгөөний зохицуулалт, аймгийн төв рүү орох, гарах авто замын пост дээрх Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын байнгын хяналт, шалгалт явуулж байгаа ажил байдлын явцтай танилцав.


Холбоотой мэдээ