Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлуудад түлхүүр гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-20 13:09:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны 11 дүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатар нар өнөөдөр түлхүүрийг нь гардууллаа.


Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчмын 5.2 га газарт 85 нэгж талбарын 310 гаруй иргэн нэгдэн, газраа чөлөөлөх хүсэлтээ НОСК-д илэрхийлж ийнхүү шинэ орон сууцтай болж байна. 


Эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа онцлогтой.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд газрыг орон сууцаар солих ажлыг шинээр эхлүүлээд явж байна. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.2 га газрыг орон сууцаар солих ажил зохион байгуулагдаж байна. Нийслэлд орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орлогод нийцсэн, айл өрхийн амьжиргаа, төлбөрийн чадварыг уян хатан байлгах зорилгоор түрээслэх, түрээслээд өмчлөх, худалдан борлуулах гэсэн олон сонголтыг иргэддээ санал болгож байгаа. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нээлттэй шударга зарчмаар сонгон шалгаруулж иргэдийг хамруулсан. Харин иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлын цаад зорилго нь өнгөрсөн хугацаанд хийсэн алдааг давтахгүй байх, газраа чөлөөлөөд байртай болно гэж хүлээсэн иргэдийн итгэлийг алдахгүй байхын зэрэгцээ дараа дараагийн орон сууцуудыг барих газартай болж байна” гэдгийг онцоллоо.


Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эзэд 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр орон сууц барих бус, чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн орлогод нийцсэн эко хорооллыг бий болгох аж.


Иргэд дээрх 24 байршилд газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлтээ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д өгснөөр зах зээлийн нөхцөл байдлын судалгааг явуулж хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар газрын эздийн өмч хөрөнгийг үнэлүүлэх юм байна. Ингэж үнэлэхдээ тухайн газар дээрх хүний гараар бүтээсэн бүхий л эд хөрөнгийг үнэлгээнд оруулж тооцох аж.


Холбоотой мэдээ