Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгоно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-20 16:34:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон холбогдох хэлтэс агентлаг, газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн долоон бүлэг болон сумдад ажиллахдаа короновируснээс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа ажил, бодит нөхцөл байдал, сумдын онцгой комиссын бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгаж, заавар, зөвлөгөөг өгсөн байна.

Аймгийн Засаг дарга Ш.Оргилоор ахлуулсан Ажлын хэсэг Ерөө суманд ажиллаж, сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвийн нийт ажилчидтай уулзсан аж.

Уулзалтын үеэр Ерөө сум болон Бугант тосгонд короновируснээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зарим асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Тус суманд ажил үүргээ гүйцэтгэж байсан их эмч болон сувилагчийг ажлын байр дээр нь гэмтээсэн этгээдийг яаралтай олж илрүүлэхийг үүрэг болгожээ.

Аймгийн Засаг дарга хэлэхдээ:”Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 сая төгрөг олгоно гэв. Нэг дор  хоёр хүний амь нас эрүүл мэндэд халдаж байгаа хүн цаашид хэдэн ч хүний биед халдахыг мэдэхгүй гэв.

Түүнчлэн ард иргэдээс баттай, үнэн бодит мэдээллийг авч, мэдээлэл өгсөн эх сурвалжийг нууцлан чанд хадгалахыг анхаарууллаа.

Ард иргэдээ хамгаалах болон Эрүүл мэндийн төвийн эргэн тойронд байнгын эргүүл гаргаж, энэ өвчний хажуугаар, айдас хүйдэстэй байгаа эмнэлгийн ажилчдад анхаарал хандуулан уртасгасан цагаар ажиллахыг Ерөө сумын Цагдаагийн хэсгийнхэнд хүссэн байна. Мөн тэдэнд шатахууны зардал нэмж олгохоор болжээ.

 

Холбоотой мэдээ