Тавантолгой цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-г Монголын Засгийн газарт танилцуулсан гэв

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-02-21 16:52:51

ВАНКУВЕР. /Turquoise Hill/. Тавантолгой цахилгаан станцын /ТТЦС/ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ“Оюу толгой” компаниар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан гэж “Turquoise Hill Resources” компани мэдэгджээ.


“Оюу толгой” компани 2009 оны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн дагуу “Оюу толгой” уурхайг урт хугацаанд дотоодын эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн юм. “Оюу толгой” компани болон Монголын Засгийн газар хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-нд байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд 2023 оны зургадугаар сарын 30 гэхэд “Оюу толгой” уурхайг эрчим хүчээр хангах ТТЦС-ыг байгуулахаар тусгажээ. Уг цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” компани эзэмших бөгөөд “Тавантолгой” нүүрсний уурхайтай ойрхон буюу “Оюу толгой” уурхайгаас 150 километр зайд байгуулна.


Одоогийн байдлаар “Оюу толгой” уурхай Монголын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани болон БНХАУ-ын Өвөр Монголын "Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа" компанитай байгуулсан гэрээний дагуу Өвөр Монголын эрчим хүчний сүлжээнээс эрчим хүч авч байгаа юм.


300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 924 сая ам.долларын зардлаар байгуулах талаар тусгасан ТТЦС-ын ТЭЗҮ-д зарим зардлыг эцсийн байдлаар хараахан гаргаагүй байгаа ажээ. Одоогийн төлөвлөгөөний дагуу Тавантолгой цахилгаан станцын хоёр нэгжийг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвтэй байна.


“Оюу толгой” шиг далд уурхайн төслийг аюулгүй, найдвартай, урт хугацааны турш тогтвортой эрчим хүчээр хангах нь чухал юм. Бид “Оюу толгой”-н эрчим хүчийг шийдвэрлэхийн тулд Монголын Засгийн газар, “Rio Tinto” компанитай хувьцаа эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэж “Turquoise Hill” компанийн гүйцэтгэх захирал Ульф Кельман мэдэгджээ. 

Холбоотой мэдээ