Сэлэнгэ аймагт 21 цэгт байнгын хяналтын баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-25 13:39:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сар шинийн баярын амралтын өдрүүдээр 21 цэгт мэргэжлийн байгууллагуудын хамтарсан байнгын хяналтын баг ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/68 дугаар захирамжийн дагуу энэ сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан хил залгаа аймаг, сумдын нутаг дэвсгэрт зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав. Мөн гол усны мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгаа тул жолооч нар баталгаагүй замаар зорчих, зам товчлох, гол мөрний мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг санууллаа.

Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд баярын амралтын өдрүүдээр замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх, эргүүл шалгалтын ажлыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын албаны хамтарсан ажлын хэсэг үүрэг гүйцэтгэж байна. 

 

Холбоотой мэдээ