Монгол Улсын иргэд БНТУ руу нэвтрэхэд хориг тавиагүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-27 09:57:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлжээ.


Тус мэдээлэлд, "Бид коронавирусний (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд БНТУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаарх ташаа ойлголт олон нийтэд хүрч болзошгүй тул дараах мэдээллийг хүргүүлж байна. БНТУ-ын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй билээ. Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, авч буй арга хэмжээ, тэр тусмаа 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш БНХАУ руу зорчсон гадаад иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг ард иргэддээ хүргэхээр БНТУ-ын Гадаад хэргийн яамнаас сонордуулга гаргасан билээ. Мөн БНТУ-ын эрх бүхий байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс БНТУ руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй болно. Түүнчлэн Монгол Улс руу зорчихыг хүссэн БНТУ-ын иргэдэд ч мөн адил ямар нэг хориг тавиагүй байгаа.  “Турк Эйрлайнс” компани Монгол Улс руу үйлддэг нислэгээ зогсоосон гэх ташаа мэдээлэл олон нийтэд хүрээд байна. “Турк Эйрлайнс” компани нь Истанбул-Улаанбаатарт долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдсээр байгаа бөгөөд цаашид долоо хоногт үйлдэж буй нислэгийн тоогоо нэмэх хүсэлтэй байгаа. Шинэ коронавирусний (COVID-19) аюул нүүрлээгүй байгаа Истанбул зэрэг агаарын тээврийн төв зангилаагаар шууд зорчих боломжтой агаарын холбоос Монгол Улсын хувьд нэн чухал гэдгийг бид ойлгож байна. Иймд “Турк Эйрлайнс” компани Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO), БНТУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газар, Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын журмын дагуу нислэгүүдээ үйлдэж байна” гэжээ. 


БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас ирүүлсэн дээрх мэдээллийн төгсгөлд “Сүүлийн үед өрнөж буй эдгээр үйл явдал нь Монгол Улсыг дэлхий дахинтай холбож буй агаарын тээвэрлэгчдийг төрөлжүүлэх шаардлага, ач холбогдлыг тодотгосон гэдэгт итгэхийн сацуу “Турк Эйрлайнс”-ын нислэгээр дамжуулан хувь нэмэр оруулахдаа баяртай байна. Шинэ коронавирусний (COVID-19) халдварын эсрэг Та бүхний хийж буй ажилд өндөр амжилт хүсэж, Танд хүндэтгэлээ илэрхийлье” гэжээ.

Холбоотой мэдээ