Орхон аймгаас гарах хоёр тохиолдлыг шийджээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-02-27 12:47:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс хуралдаж түргэн хоолны цэг, хүргэлтийн хоол, сауны үйл ажиллагааг ирэх сарын 11 хүртэл түр зогсоолоо. Мөн баар, караокены үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл хаасан шийдвэрийг сунгаж ирэх сарын  11 болгов.

Улсын Онцгой комиссоос хот хоорондын нийтийн тээвэр, зорчих хөдөлгөөнийг ирэх сарын гурван хүртэл хязгаарласан тул аймгийн Онцгой комисс иргэдийг Орхон аймагт нэвтрүүлэхгүй болон гаргахгүй байх шийдвэрийг мөн гаргав. Ингэхдээ өөр аймагт ажилладаг ч Орхон аймагт хөл хорионд хоригдсон иргэдийн ажлын газарт нь Засаг даргын тодорхойлолтыг илгээх юм. Жишээлбэл, Улаанбаатар хотод ажилладаг иргэн Орхон аймагт хөл хорионд хоригдсон бол аймгийн Онцгой комиссын цахим асуулга, бүртгэлд бүртгүүлж албан байгууллагынхаа цахим хаягийг бичиж үлдээнэ. Уг хаяг руу тухайн иргэн ямар шалтгаанаар ажилдаа очиж чадахгүй байгааг тайлбарлаж аймгийн Засаг даргаас тодорхойлолт илгээх юм.

Мөн Орхон аймгаас гарах хоёр тохиолдлыг шийдсэн. Тухайлбал, ар гэрийн гачигдал гарсан үед нас барсны гэрчилгээг нь үндэслэх, Улаанбаатар хотод эмчлүүлэх бол БОЭТ-ийн даргын бичгийг үндэслэх юм. Үүнээс бусад бүх тохиолдолд хориглож байгаа аж.

Түүнчлэн БНСУ-аас хоёрдугаар сарын 19-нөөс хойш Орхон аймагт ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг нь өнөөдрөөс эхлэн ажилд нь явуулахгүй буюу гэрт нь тусгаарлах, ирэх сарын гурван хүртэл хот доторх нийтийн тээвэр өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цагийн хооронд ажиллаж,  амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх, олон нийтийн эргүүл гарч хотын хэмжээнд шалгалт хийхээр шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ