Сэтгэл, зүтгэл, уйгагүй хөдөлмөр юуг ч бүтээж чадна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-02 14:47:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Мал аж ахуй нь хөдөөгийн хүн амын орлогын эх үүсвэр, нийгмийн баталгаа болдог. Гэхдээ малын тоо толгойн хэт өсөлт, уур амьсгалын нөлөөтэй хавсарснаас бэлчээрийн даац хэтэрч, улмаар газрын доройтол, цөлжилтийг эрчимжүүлэх үндсэн шалтгаан болж байна.

Дундговь аймгийн УЦУОШТ-өөс гаргасан бэлчээрийн даацын мэдээгээр аймгийн нийт газар нутгийн 15 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 45 хувьд 1-3 дахин хэтэрсэн, 40 хувьд олон дахин хэтэрсэн аж.

Мал аж ахуй нь хөдөөгийн хүн амын амьжиргааны эх үүсвэр төдийгүй нийт хүн амын  хүнсний гол хэрэглээ болдог чухал салбар. Гэхдээ энэ салбар байгаль, цаг агаараас шууд хамаардаг учраас малчид бэлчээр усны асуудалд ухаантай хандах цаг нь болжээ.

Бэлчээрийн даац, усан хангамжийн асуудал сүүлийн жилүүдэд энэ салбарт тулгамдаж буй гол бэрхшээл болж байгаа. Гэхдээ малчдын дунд холч монгол ухаантай, өөрийн уламжлалт мэдлэг, чадвар, ур ухаанаа өнөөгийн нөхцөлтэй уялдуулан бэлчээр усаа хамгаалж, зохистой ашиглах арга зүйг түгээн дэлгэрүүлж байгаа олон малчин байдаг.

Тэдгээрийн хамгийн шилдэг жишээ, үлгэр дууриал болж яваа нэгэн малчин бол Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн малчин, "Олдохын дэвжих" хоршооны дарга Тавхайн Төмөрчулуун юм. Түүний малч ухаан, арга туршлага, байгалиа хамгаалж, нөхөн сэргээх гэсэн хүсэл мөрөөдөл, цуцашгүй хөдөлмөрийнх нь үр дүнг сурвалжилж, залуу малчдад туршлага болгохыг зорилоо.

Т.Төмөрчулуун 1950 онд төрсөн, 1966 онд Хулд сумын “Талын цэцэг“ нэгдлийн малчин болсноос хойш 50 гаруй жил мал маллаж байгаа хашир туршлагатай малчин юм.

Монгол Улс зах зээлд шилжин орж, мал хувьд очсон тэртээх он жилүүдэд малаа маллан, байгаль цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд уламжлалт мал маллагааны арга ухаан, чадвараа дайчлан ажиллаж байсан тэрээр 2000-аад оноос олон улсын байгууллагууд, ТББ-уудын дэмжлэгтэйгээр төсөл хөтөлбөрүүдэд оролцож, бизнес, эдийн засаг, бэлчээр ашиглалт, шилмэл малыг өсгөн үржүүлэх, малчдын хөдөлмөрөөрөө хоршиж амжилтад хүрэх гээд маш өргөн мэдлэг олж авсан ба түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээн зүтгэсээр өнөөдрийн амжилтыг бүтээжээ.

Анх 2003 онд 9 га бэлчээр хашиж байсан тэрээр жил бүр хашсан талбайгаа томсгосоор өнөөдөр 3 өрх нийлээд 64 га газрыг хашиж, 14 га газарт нь мод, модлог ургамал, малын тэжээл, хүнсний ногоо тариалж, үлдсэн талбайгаа бэлчээр маягаар хуваарьтайгаар ашиглаж байна. 40 га талбайдаа хаврын ид хүнд хэцүү 3-5  дугаар сард  муудсан мал болон төллөсөн эх мал, төлөө оруулж, тэнхрүүлдэг туршлагатай. Энэ нь өвс тэжээл худалдан авах өрхийн зардал, малчин хүний хөдөлмөр, цаг хугацааг ихээхэн хэмнэхээс гадна төл малаа 100 хувь бойжуулж, өнтэй залгах ач тустай байдаг байна.

Говь нутагт хавар салхи, шороо тавьж шуурдаг хүндхэн өдрүүд олон. Тэр үед малаа хашаандаа оруулснаар мал ч хоолтой, малчин эзэн нь ч шуурганд малаа алдана гэхийн зовлонгүй өнгөрөөдөг байна.  

Бэлчээр хашихын ач тус зөвхөн энүүгээр хязгаарлагдахгүй. Говь нутгийн хөрсөнд ургахаа байсан ургамлын төрөл зүйл нэмэгддэг. Тухайлбал: бут, бутлаг ургамлууд үрээ хаяж жил өнгөрөх тусам өтгөрч, ганцхан дэрстэй байсан хашаанд дэрсний тоо нэмэгдэж, агь, гашуун, монгол гээд маш олон ургамал бороо хур муутай ч гэсэн ургадаг болж, хашсан газрын бэлчээрийн гарц сайжирдаг хэмээн ахмад малчин маань танилцуулсан юм.

Говь нутагт “Ойн төгөл байгуулна” хэмээх их мөрөөдөлдөө хөтлөгдсөн байгаль хамгаалагч-малчин маань хашсан талбайдаа жил бүр мод тарьж ургуулсаар өнөөдөр 7000 гаруй мод буттай болж чаджээ.

“Мод  чийг татдаг гэж үнэн байх, сүүлийн жилүүдэд манай энд унах хур тунадасны хэмжээ арай нэмэгдсэн шиг санагддаг, энэ жил хүртэл л эрт бороо орж, энэ хавийн маань байгаль сэргээд, олон айл нүүж ирсэн шүү” хэмээн ярих малчин өвгөнийг хараад өөрийн эрхгүй бахархаж байлаа.

Бэлчээр хаших нэгэн хөдөлмөр, харин түүнийгээ тордож, сайжруулж, усжуулж, услалтын асуудлаа шийдэж, төрөл бүрийн зүйл тарьж, туршиж, түүнээсээ сургамж авч баяжуулж явах нь хүний ухаан, уйгагүй зүтгэл бас агуу их сэтгэлийн хүч гэлтэй. Сэтгэл, зүтгэл, уйгагүй хөдөлмөр юуг ч бүтээж чадах ажээ.

Малын тэжээлийн олон төрлийг тарьж ургуулах гэж оролдож явсаар одоо бол энэ нутагт “эрдэнэ шиш” тарьж ургуулах нь л хамгийн тохиромжтой юм байна гэдгийг тэрээр ойлгожээ. Арвай, овьёос гээд бусад тэжээлийн ургамлыг тарьж туршиж байсан боловч үр дүн муутай байж. Усалгаагаа цогцоор шийдэж, ихээхэн талбайд тарихгүй бол арвай тарьж ургуулах боломж муу, овьёос тарихаар шувууны хоол болчихоод хөдөлмөр талаар өнгөрдөг гэдгийг өөрийн туршлагаас ойлгож авсан. Тарьж ургуулсан эрдэнэ шишээ талбайн зарим ургамал, малын тэжээлтэй хольж машиндаад “багсармал тэжээл” хийж,  гурван өрхийн бүтэн жилийн малын тэжээлийн хэрэгцээгээ хангаж байна.

Бэлчээрээ хашиж хамгаалахаас гадна хашаандаа худаг гаргаж, услалтын асуудлаа шийдэх нь малчин хүний хөдөлмөр, цагийг хөнгөвчлөх хамгийн чухал ажил. Мөн ус нөөцлөн авч наранд халж бүлээссэн усаар талбайгаа услах нь үр дүнтэй байдаг учраас эхний жилүүдэд ёмкост тавьж, хиймэл нуур хийж туршиж байгаад 2015 онд эхлээд 100 тн, дараа нь 150 тоннын багтаамжтай хоёр усан санг байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой байгааг Т.Төмөрчулуун онцолж байна. Малчин хүн цаг наргүй, борив бохисхийлгүй ажиллаж байдаг учраас малаа услах, талбайгаа услах, цас, шуурганд малаа өлдүүлэлгүй, хариулгагүй бэлчээрлүүлэх гээд олон ажилд цаг хугацааг хэмнэх нь тэдний хувьд маш чухал зүйл юм.

 

Өвгөн малчин маань 50 гаруй жил мал дагаж, бэлчээр, усаа хамгаалж, зөв зохистой ашиглах туршлага хуримтлуулж, энэ бүгдийг бүтээхдээ бас шаггүй сургамж хуримтлуулснаа бидэнтэй хуваалцсаныг доор сийрүүлье:

 

Бэлчээр хашиж, хамгаалахад хамгийн чухал асуудлын нэг нь “элдэв маргаан”-гүй газрыг хаших явдал байдаг ажээ. Энэ талаар хашир малчин маань “бусад айлын малын бэлчээр орсон, маргаан гарч болзошгүй газрыг хашихаас сэрэмжлэх хэрэгтэй. Бэлчээр хашиж, хамгаалах нь хүний л хөдөлмөр, бас сэтгэл, цаашлаад цаг хугацаа, хөрөнгө шүү дээ. Түүнийг нь манай малчид жаахан ч гэсэн хүндэлдэг, хүнлэг байгаасай гэж их хүсдэг” гэсэн юм.   

 

Дараа нь хашаагаа барихдаа маш хянамгай, чанартай, мал орохооргүй, эвдэхээргүй хийх хэрэгтэй байдаг гэдгийг анхааруулж байна. “Шуурганд туугдсан, өлдсөн мал гэдэг юунд ч дийлдэхгүй. Хашааныхаа шонг хол хол хатгаад, хэврэг муухан тороор хаших юм бол дороо л эвдэрч, дахин дахин хөдөлмөр, цаг зав, хөрөнгө зарах хэрэгтэй болдог. Тиймээс эхнээсээ л хашаагаа чанартай, бат бөх хийгээд авбал их сайн. Манай нутгийн салхи маш хүчтэй. Тиймээс салхинд өнхрөөд уначихааргүй, газар ухаж суулгахад хялбар, бат бөх материалтай (болж өгвөл төмөр труба) шонг сонгож хийвэл удаан тэснэ” гэдгийг тэрээр зөвлөлөө.    

 

Хашсан талбайдаа усны асуудлаа шийдэх нь мөн чухал аж. Хангай, уул хадтай газруудад бол бороо, цас, цасны шар усыг хуримтлуулаад авчих боломжтой учраас түүнийг угтуулаад ус их явдаг газарт усан сан хийж болох бол харин манай тал нутагт бол мотортой худаг л хамгаас чухал гэдгийг өвгөн малчин онцлон хэллээ. Тэгээд худгийн уснаасаа усан сандаа нөөцлөөд авчих нь бүлээссэн усаар мод ногоогоо услах, нөгөө талаас ил ус чийгийг татдаг учир хоёр талын ач холбогдолтой ажээ.  

 

Бэлчээр хашихдаа хэдий хугацаанд эргээд зардлаа нөхөх талаар сайн бодолцох хэрэгтэй байдаг. Нэг ёсондоо энэ нь бизнесийн төлөвлөгөө гэсэн үг. Бэлчээр хашихад хэдий хэмжээний зардал гарах, жилдээ хэрэглэх малын өвс, тэжээл, түүнд гарах зардал хэд байна, хэдийг хэмнэж, хэдий хугацаанд зардлаа нөхөж болохоор байна гээд тооцоод үзэх хэрэгтэй. Мэдээж бэлчээр хаших явдал ашгаа өгөх нь тодорхой ч гэсэн бага хугацаанд түүнийг нөхөөд авбал сайн.   

Энэ талаар Т.Төмөрчулуун “Манай хувьд өнөөдөр бэлчээр хашсан зардлаа нөхсөн л гэж үздэг. Анх тарьсан мод маань миний бэлхүүснээс намхан байсан бол одоо зарим нь бараг надаас 2 дахин л том болтлоо ургасан байна. Тэгэхээр байгаль дэлхийдээ ч тэр, малдаа ч тэр, малчиндаа ч тэр энэ хийсэн ажил маань үр өгөөжөө өгч л байна. Ядахдаа л  хийсэн ажлаа, ургасан модоо хараад сууж байхад мөн ч сайхан шүү, сэтгэлийн баяр баясгалан гэдэг л энэ байх” гэсэн юм.

Ер нь нэг өрхөд 20 га бэлчээр хашихад л хангалттай ба энэ нь 100 гаруй хонийг 40-50 хоног дотор нь байлгаад хооллоод байх бүрэн боломжтой гэдгийг хашир туршлагатай малчин маань өөрийн олон жилийн ажиглалтаас дүгнэн хэлж байна.

Мэдээж энэ их ажлыг ганцаараа амжуулж чадахгүй, хүн хүнийхээ дэмэнд л явдаг. Байгалиа хамгаалж, мод бут, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо, нарийн ногоо тарихад сургаж, түүнийг уриалсан хүн бол түүний багш, агрономич, профессор Чулууны Дамба.

Ч.Дамба Хулд сумын уугуул. Олдохын энэ л талд төрж өссөн, олон жил Улаанбаатар, Дархан хотод ажиллаж амьдарч байгаад тэтгэвэртээ гарч, нутагтаа ирээд маш олон айл өрхийн амьдралыг газар ээжтэй холбож, амьдрах аргыг нь зааж сургасан буянтай хүн.

Мөн сум орон нутаг, нутгийн ахан дүүс, үр хүүхдүүд, ОУБ, ТББ гээд маш олон хүний дэмжлэг, оролцоотойгоор энэ их ажлыг амжуулсан гэдэг. Энэ бол Төмөрчулуун гуайн хэн бүхэнд өөрийгөө ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч, хийх гэж байгаа зүйлээ сайн төлөвлөж, хэрэгжүүлсний үр дүн юм. 

Эцэст нь Т.Төмөрчулуун залуу малчдад хандаж “хамгийн чухал зүйл бол “эрсдэлээ тооцох”, түүнийг даваад гарах сэтгэлийн тэнхээ, хаттай байх явдал юм. Хүн гэдэг амьтан жаахан юман дээр л няцаж, шантрах гээд байдаг. Ялангуяа эдийн засгийн бэрхшээл дээр гацдаг. Түүнийг л даван гарахын тулд эхлээд тооцоогоо сайн хий гээд байгаа юм. Санхүүгээс гадна байгаль цаг агаар, улс төр гээд олон олон бэрхшээл тулгардаг ч тэр бүгдийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй л байх нь чухал. Энэ бол малчин хүний даван туулах чадвар юм. Хийж бүтээнэ, зорьсондоо хүрнэ гэсэн сэтгэлийн их хүч байхад ямар ч бэрхшээлийг даваад гарч чадна” гэлээ.

Мал аж ахуйд тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь малч удам, малчдын залуу халаа цөөрч байгаа явдал юм. Тэрээр өөрийн хүүхдүүд, ач, зээ, ах дүү нарынхаа хүүхдүүдийг багаас нь малч, байгаль хамгаалагч болгон өсгөн хүмүүжүүлж, заримыг нь дэргэдээ малчин болгон сургаж байна.

Хийж, бүтээж, туршиж, хал үзсэн хүн л бусдад хэлэх үгтэй, зааж зөвлөх сургамж ихтэй байдаг. Төмөрчулуун гуай бол тийм л хүн. “Малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр байгалийн шалгарлаар говь нутагтаа өсөж, үржүүлсэн малыг л сонгож үржүүлэхийг боддог, мал ч тэр, хүн ч ялгаагүй, байгаа орчиндоо тухайн байгальтайгаа л дасан зохицсон байдаг болохоор энэ л нутаг усандаа зохицсон шилмэл малаа үржүүлэх нь зөв юм” хэмээн ярьж байгаа нь аргагүй монгол малчны олон жилийн туршлага, малч ухаан гэлтэй.

Байгалийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож амьдрах хүн, мал Монголоос өөр хаана ч байхгүй, тэр дундаа говийн хүн, мал илүү их байгалийн бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван гарах чадвартай байдаг гэдгийг Төмөрчулуун гуай ажиглаж, түүнийгээ хэрэгжүүлж байгаа хашир туршлагатай малчин.

Бэлчээр, ус, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, уйгагүй хөдөлмөрлөж байгаа хүнд байгаль буян хишгээ харамгүй хайрладаг аж. Түүний ажил үйлс, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл, байгалиа хамгаалах гэсэн их хүсэл мөрөөдөл, түүндээ хүрэхийн төлөөх уйгагүй хөдөлмөр зүтгэлээс залуучууд бидэнд сурах зүйл их байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ