Байгууллага бүрийг онцлогтоо тохируулан ариутгал халдваргүйтгэл хийхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-27 20:23:49

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс гэр болон ажлын өрөө тасалгаандаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх талаарх мэдээллийг байгууллага бүрд өглөө.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, гэр болон ажлын өрөө тасалгаандаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг ялангуяа албан байгууллагын онцлогтоо тохируулан хэрхэн зөв хийх тухай мэдээллийг байгууллага бүрээр нь, иргэн бүр гэртээ өдөр бүр хийхийг санууллаа.

Тухайлбал өрөөний агаарыг халдваргүйжүүлэхдээ 10-15 минутын турш хоёроос гурван удаа цэвэр агаарыг оруулах, ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой. Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, гурван хувийн ус төрөгчийн хэт ислийн уусмалыг хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгахыг зөвлөж байна.

Мөн байгууллага бүр ариун цэврийн өрөөндөө бактерийн саван, гар ариутгагчийг байнгын байлгах, үйлчилгээний байгууллагын ажилчид гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг байнга хийхийг зөвлөж байна. Тухайлбал гараа вирусийн эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар ариутгах. Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх. Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах хэрэгтэй.

Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийхдээ өдөрт хоёроос багагүй удаа хаалганд ойр байгаа объектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдваргүйжүүлж ариутгана.  Хлор болон бусад хлор агуулсан бодисуудыг ашиглана. Угаалгын өрөөний хана, шалыг 500 грамм хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.  Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой хэмээн анхааруулав.

Хувийн машиныг ч мөн ариутгахыг зөвлөв

Харин нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэхийг зөвлөв. Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна, хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина. Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэхдээ цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг заавал ариутгана. 

Гарын угаалтуур, болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ. Хувийн машинтай иргэд өдөр бүр заавал ариутгал хийх хэрэгтэй. Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машиныг ариутгахдаа ердийн нөхцөлд гарааш болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ. Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар заавал ариутгахыг тус тус зөвлөж байна.

Ташрамд тус эмнэлгээс өнөөдрийн байдлаар 3700 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ.

 

Холбоотой мэдээ