Коронавирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдсан байж болзошгүй тохиолдлыг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-28 13:50:34

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Шинэ коронавирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдсан байж болзошгүй анхны тохиолдлыг мэргэжилтнүүд шалгаж байна гэж Хонконгийн Засгийн газрын Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газар мэдээлжээ. 


Хонконгт “COVID-19”-өөр өвчилсөн болох нь урьдчилсан шинжилгээгээр оношлогдсон хүний нохойд халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Эзэн нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нохойг амьтдыг тусгаарладаг тусгай төвд аваачжээ. Шинжилгээний хариугаар уг нохойд коронавирус илэрсэн боловч тоо нь цөөхөн байсан байна. 


Гэрийн тэжээвэр амьтад “COVID-19” вирусний халдвар авдаг эсвэл өөрөө хүнд халдаах тээгч нь болдог эсэхийг одоогоор тогтоож чадаагүй байна гэж дээрх байгууллага мэдэгджээ. Малын эмч нар нохойн байдлыг ажиглаж байгаа бөгөөд үнэхээр халдвар авсан эсэхийг баталгаажуулахын тулд давтан шинжилгээ авах аж.


Одоогийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 93 тохиолдол бүртгэгджээ.


Холбоотой мэдээ