НҮБ-ын суурин зохицуулагч, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-28 14:13:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.


Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусний халдвар Монгол Улсад орж тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар Шадар сайд товч мэдээлэл өгч, НҮБ, ДЭМБ-аас дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.


Улс хооронд болон дотооддоо бүх төрлийн зорчих хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийж байгаа ч  эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй эрсдэлийг тооцож ачаа тээвэр, ашигт малтмалын экспортоо хэвийн үргэлжүүлж, эдийн засгийн эргэлтээ нэмэхээр төлөвлөж буйг мөн хэллээ.



НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комисс эрсдэлтэй нөхцөлд, өөрийн орны онцлогт тохируулж оновчтой шийдвэрийг шуурхай гарган ажиллаж ард иргэдээ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийд үлгэр жишээ болж байна гэв. Тэрбээр, "Монгол Улсын иргэдийн хариуцлага ухамсар өндөр байгаа нь нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, орон нутагт ажиллах үеэр ажиглагдаж байлаа. НҮБ, ДЭМБ-тай бүх талаар хамтран ажиллаж, цаг үеийн мэдээллээр хангаж байна. Бид НҮБ-ын төрөлжсөн сүлжээ байгууллагууддаа шуурхай уламжилсаар байгаа. Та бүхний үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно" гэлээ.


Халдварт цар, тахал өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ДЭМБ-ын байгууллагаас техник технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтын үр дүнд бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн зөвшөөрөгдсөн эм, вакцин, оношлуурыг Монголд Улсад нийлүүлж ажиллахаа амлаж байна гэдгээ уулзалтын үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ