Баян-Өлгийнхөн БНХАУ-ын ард түмэнд 1080 хонь хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-28 22:41:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмний COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан. Баян-Өлгий аймгийн ард иргэд Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж 1080 хонь хандивлалаа.

Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр өнөөдөр мэдэгджээ.

"Энэ жил Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн тэргүүний ажлыг дэмжиж, нөгөө талаар гоц халдварт өвчин хурдан намжиж, даян дэлхийн ард иргэд тайван, найрсаг, аз жаргалтай амьдрахыг бэлгэдэж Баян-Өлгий аймгийн ажилсаг, хөдөлмөрч ард иргэд, малчдын зүгээс 1000+80 хонь хандивлаж байна. Аймгийн хөдөөгийн 73 баг тус бүрээс 15 толгой хонь гаргана. Түүнээс гадна хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөвөл тусад нь хүлээлгэж өгөх болно" хэмээн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хэллээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газраас хоёр сая төгрөг хандивласныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дансанд шилжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ