Шуурхай штаб 80 тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрлийг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-02 17:18:58

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн "Шуурхай штаб”-аар өдөрт 250-300 орчим хүн үйлчлүүлж байна.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхээр “Ажлын тусгай горимд түр шилжүүлэх тухай” Завхан аймгийн Засаг даргын А/68 тоот захирамжаар томилогдсон аймгийн Онцгой комиссын 32 хүний бүрэлдэхүүнтэй гишүүдээс бүрдсэн шуурхай штаб ажиллаж байгаа. Тус штаб коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг хүлээж хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон, орон нутгийн автотээврийн хөдөлгөөнийг хаасан энэ үед шуурхай штаб ачаалал ихтэй ажиллаж байгаа. Тухайлбал Улс даяар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаасантай холбоотой Шуурхай штабаас хоёрдугаар сарын 23-наас хойш 80 тээврийн хэрэгсэл 294 хүнд зорчих зөвшөөрлийг бид олгосон байна. Үүнээс Улаанбаатар чиглэлд 21 машин 75 зорчигчид, бусад нь аймаг сумын чиглэлд олгосон байна. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу албан томилолттой бол томилолтын хуудас, удирдамж, шуурхай комиссын шийдвэрийг үндэслэнэ. Хоёрдугаарт эмнэлгийн шалтгаанаар нэвтрэх тохиолдолд өвчтөн илгээх 13А маягт, нэгдсэн эмнэлгийн даргын тодорхойлолт, шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр нэвтэрнэ.

Гуравдугаарт ар гэрийн гачигдлаар нэвтрэх тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт эсвэл эмнэлгийн даргын тодорхойлолтыг тус тус үндэслэн аймгийн “Шуурхай штаб”-аас нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна.

Гуравдугаар сарын гуравны өдөр орон нутгийн замын хөдөлгөөнийг нээх учраас штабаас орох, гарах нэвтрэх зөвшөөрөл хүссэн иргэдийн тоо багасах байх. Гэсэн хэдий ч өдөр бүр аймгийн хэмжээний төрийн байгууллагууд болон 24 сумын мэдээллийг өдөр бүр авч нэгтгэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ажиллаж буй эмнэлгийн хяналтын цэг, хяналтын постуудын үйл ажиллагаа, мэдээллийг үргэлжлүүлэн байнга авч нэгдсэн удирдлагаар ханган ажиллана хэмээн аймгийн Шуурхай штабын дарга, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа мэдээлэв. 

Холбоотой мэдээ