100 км тутамд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэг байрлана

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-03 10:00:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс энэ сарын 2-нд хуралдаж, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.

Тус хуралдаанаар шинэ коронавирусний халдвар, нөхцөл байдлын тухай Онцгой комиссын мэдээллийг сонсч, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Тухайлбал, энэ сарын 3-ны өглөөний 6.00 цагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан улсын чанартай авто зам дагуу 11 хяналтын цэг ажиллуулахаар боллоо. Хулд суманд нэг хяналтын цэг байрлаж, Мандалговь хотын хяналтын цэгээс эхлэн зам дагуу 25-30 км тутамд нэг хяналтын цэг, 100 км тутамд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэг тус тус байрлах ажээ.

Тус хяналтын цэгүүд дээр Цагдаагийн газар, ОБГ-ын алба хаагчид, МХГ-ын байцаагчид ажиллах бөгөөд аймаг, сумын төвөөс гарч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч бүрээс асуумж авч, орж ирж байгаа зорчигчдыг бүртгэж, тэдний халууныг үзэх ажээ.

Мөн хяналтын цэгүүдэд гарах алба хаагчдын хоол унааны асуудлыг шийдвэрлэх, аймгийн төв, сумдад коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах байруудыг бэлтгэн, халдваргүйжүүлэлт, ариутгал хийж, бэлэн болгохыг холбогдох байгууллага, ажилтнуудад үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ