СХС-аас олгох зээлийн төслийг энэ сарын 13 хүртэл хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-04 15:16:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын СХС-аас 2020 онд бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн төслийг тус сумын ИТХ-аар батлуулсан тэргүүлэх чиглэлийн дагуу энэ сарын 13 хүртэл хүлээн авахаар товложээ.

ИТХ-аас дөрвөн ангиллаар 21 чиглэлийн төслийг дэмжихээр баталжээ. Тодруулбал, барилгын материалын үйлдвэрийн чиглэлээр тоосгоны үйлдвэр байгуулах, ХХАА-н чиглэлээр өвөл, зуны хүлэмж байгуулах, нэг га-гаас дээш талбайд төмс, хүнсний ногоо, 0,5-аас доошгүй талбайд жимс, жимсгэнэ тариалах, сүүний үйлдвэрлэл, ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, зөвшөөрөгдсөн бүсэд стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулах, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, шилмэл сүргийн аж ахуйг хөгжүүлэх, зөвшөөрөгдсөн бүсэд байрлалтай, гахай, тахианы аж ахуй, ингэ болон үнээний ферм, арьс шир, ноос ноолуур болон малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг тус тус дэмжих ажээ.   

Харин хөнгөн үйлвэрийн чиглэлээр эко түлш үйлдвэрлэл, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, эрүүл ахуй, стандартад нийцсэн хүнсний эко савны үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний чиглэлээр болон дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн үйлдвэр, гэр хорооллын ариун цэврийн эко байгууламж үйлдвэрлэл, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр зээл олгох юм.

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр хувь хүний хөгжил, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх сургалтын төвийн үйл ажиллагаа болон аймаг, сумын онцлогийг харуулсан бэлэг дурсгалын үйлдвэрийг дэмжих аж.

Мөн иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн 9-өөс доошгүй ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, зах зээлд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зээл олгох нь.

Тус сангаас иргэнд 30,0 хүртэл сая, хуулийн этгээдэд 50,0 хүртэл сая төгрөгийн зээл олгох бөгөөд зээл хүсэгч нь Монгол банкнаас зээлийн лавлагаа авч, барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах шаардлагатай ажээ.

Сайнцагаан сумын СХС-аас өнгөрсөн онд 443,3 сая төгрөгийн зээлийг 22 төсөлд олгосон бөгөөд энэ жил ИТХ-аас баталсан дээрх 21 чиглэлээр ийнхүү төсөл хүлээж авна гэдгийг тус сумын СХС-ийн нарийн бичгийн дарга Ш.Бямбаа мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ