Хөхүүрийн үйлдвэрлэлийг брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-04 15:59:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Малчдын зөвлөгөөн”-ий үеэр тус сумын малчдаас нэгэн санал гарч, сумаараа “гүүний айргаа ширэн хөхүүрэнд исгэх” уриалга гаргасан юм.  

Тиймээс тус сумаас “ширэн хөхүүрийг брэнд” болгох зорилт тавьж, СХС-гийн зээлээ ч хөхүүр хийх, суран эдлэлийн төслүүдэд олгосон байдаг.

Дундговь аймгийн айраг улсдаа амт, чанараараа дээгүүрт ордог. Энэ нь говийн хөрс, ургамлын шим, тэжээлтэй холбоотой. Гэхдээ ширэн хөхүүрэнд исгэсэн айраг гойд сайхан амттай, хахардаггүй, зөв исдэг онцлогтой аж.

Харин 1990-ээд оноос хойш нийгэм өөрчлөгдөж, улс орон зах зээлийн нийгэмд шилжин орсноор малчдын дунд хөхүүрэнд айргаа исгэх нь цөөрч, өмнөд хөршөөс орж ирсэн хуванцар саванд айргаа исгэдэг болсон.

Хүнсэнд ашиглаж байгаа зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнд шингэн, хүний биед орж хуримтлагдан олон төрлийн өвчний суурь шалтгаан болоод зогсохгүй хорт хавдар үүсгэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.

Хуванцар саванд исгэсэн айраг маш хурдан хахарч, савны эвгүй амт шингэсэн байдаг бол хөхүүрийн айраг  ямар ч халуунд хахардаггүй, зөв исч, хүний биед илүү шингэц сайтай байдгаараа онцгой ажээ. 

Тиймээс Говь-Угтаал сум “Хөхүүрийн үйлдвэрлэлийг брэнд” болгохоо мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд малчдын ухамсарт айраг исгэх уламжлал, өв соёлоо сэргээх хандлага бий болж байна. Түүний нэг тод жишээ нь хөхүүр хийдэг уламжлалт аргаа сэргээн, гэрээр үйлдвэрлэдэг малчид нэмэгдэж байгаа явдал юм.

Тэдгээрийн нэг нь Говь-Угтаал сумын Морьт багийн малчин М.Аюуш. Тэрээр насаараа мал малласан, хашир туршлагатай нэгэн. М.Аюуш хүү Дашнямд хөхүүр хийхийг зааж сурган энэхүү үйлдвэрлэлийг эрхэлж байна. Сумандаа “гүүний айргийг зөвхөн хөхүүрэнд исгэх” уриалга гарснаас хойш хөхүүр худалдан авах малчид нэмэгдэж байгаа аж. 

90-ээд оноос хойш хөхүүрэндээ айраг исгэдэг цөөхөн айл үлдсэн байдаг. Тэдний нэг М.Аюуш гуайн саахалтын айл С.Машбатынх байжээ. Тэднийх маш гоё хөхүүрэнд айргаа исгэдэг, айраг нь ч сайхан байдаг байсан учраас Аюуш гуай  үхрийн ширийг боловсруулж, исгэж, оёхыг заалган хөхүүр хийж сурчээ.

Хөхүүр хийж эхэлснээс хойш 5 жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэх. Эхэндээ гэр бүл болон ах дүү, найз нөхдийнхөө хэрэгцээгээр хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд зах зээлд борлуулж, захиалгаар хийж өгөх зэргээр өөрийн гэсэн бизнестэй болсон байна.

Тус суманд хөхүүр хийдэг малчид хэд хэд бий. Х.Мөнхбат, түүний шавь Б.Оюунбаатар, Д.Өсөхбаяр гээд хөхүүр хийж, уламжлалт өв соёлоо тээж, өвлүүлж, бизнес болгон өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа малчид бий болж байна.  

Үхрийн ширний том, жижгээс хамаараад 100-180 хүртэл литрийн багтаамжтай хөхүүрийг 350,0-500,0 мянган төгрөгөөр зах зээлд борлуулдаг.

Аюуш гуайн эхнэр “зундаа мал маллах, сүү цагаан идээ бэлтгэх зэргээр малчин хүний ажил ундардаг учраас тэр үеэр хөхүүр хийх завгүй байдаг, гэхдээ энэ жилээс захиалга ихсэх төлөвтэй байгаа учраас зун ажлаа зохицуулаад хөхүүр үйлдвэрлэх хэрэгцээ нэмэгдэх байх” гэлээ.

Сум орон нутгаас ч зах зээлд борлуулахад нь туслах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, бэлэг дурсгалын хөхүүр хийлгэж авах зэргээр үйлдвэрлэлийг нь дэмжиж ажиллана гэдгээ сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан онцоллоо. Тус суманд 271 малчин өрх байдаг бөгөөд Улаанбаатар, бусад аймаг суманд ч борлуулах боломжтой ажээ.  

Дундговийн айраг өөрөө брэнд. Түүнийг ширэн хөхүүрэнд исгэх нь амт чанар сайтайн дээр чанараа алддаггүй, зөв исдэг. Хөхүүрийн шир айраг хоёрын хооронд биологийн идэвхит бодис харилцан шимэгдэн боловсорч, хүний ходоод гэдсэнд орохдоо шингэн эм, тэжээл болдог гэдэг.

Зөв иссэн айраг, цэгээ нь эмчилгээ сувилгааны ч ач тустай. Айргийг уухаас гадна өвөл ханиад их хүрдэг, дархлаа султай хүүхдийг зун айраг түрхээд нүцгэн наранд гүйлгэх сайн байдаг ч гэлцдэг.

Монголчууд айргийг хөхүүрээр ч исгэдэг, хөрөнгөөр ч исгэдэг уламжлалтай. Өмнөх жилдээ айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр нь сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддаггүй.

Монголчуудын эрт үеэс уламжлан ирсэн энэхүү өв соёл, ахуй амьдралдаа хэрэглэж байсан энэ заншил 30-аад жил алдагдах дөхсөний эцэст ийнхүү эргэн сэргэж байна. Энэ санаачилга Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас эхлэн гарсан. Удахгүй тус сум “хөхүүрийн үйлдвэрлэлийг брэнд” болгох зорилтоо хэрэгжүүлж, тус суманд үйлдвэрлэсэн хөхүүрийн эрэлт улам нэмэгдэх нь дамжиггүй. 

Холбоотой мэдээ