Түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-04 20:57:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар одоогоос 700-1000 жилийн өмнөх үед хамаарах эд зүйлсийг хууль бусаар олж аван худалдахыг завдсан хэргийг иргэний мэдээллийн дагуу илрүүлэн шалгаж байна.

Хэргийг тус аймгийн иргэн Б үйлджээ. Тэрээр Сагсай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрээс барагшун түүх нэрийдлээр хадны оршуулгын газраас суран хөвчтэй эвэр нум, ясан болон төмөр зэвтэй 7 ширхэг сум, сумны модон ховд, модон тагш, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэрэг эд өлгийн зүйлсийг хууль бусаар олж авч улмаар худалдан борлуулах зорилгоор хадгалж байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд өлгийн зүйлс нь манай эриний X-XIII зууны үед холбогдох ба “түүх соёлын хосгүй үнэт зүйл”-ийн зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлтийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс гаргасан байна.

Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаны эх сурвалж хэллээ.  

Холбоотой мэдээ